TOGETHER WITH

Өглөөний мэнд ээ! Хууль зүйн сайд Н.Энхбаяр энэ хаврыг халуухан болно гэж хэлэхдээ парламент бус эрүүл мэндийн салбарын зодооныг зөгнөсөн гэлтэй үйл явдал болж байх чинь вэ? Асуудлыг дэвэргэх гэсэн мэт төрийн байгууллагуудын “Шударга байдлын үнэлгээ”-ний тайлан гарсан байна. Эрүүл мэндийн яамны хувьд шат алгасан уруудах нь тэр… 🤒

ЯРИЛЦЛАГА

🎤 Б.Эрдэнэбулган: Эрүүл мэндийн салбар улс төрийн хэрэгсэл болчихсон

Бид Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулгантай эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй санхүүжилт, засаглал, улс төржилтөөс эхлээд улсын эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэх боломж гэхчлэн өргөн хүрээнд ярилцлаа.

Сайд нар томилогдсоныхоо дараа эмнэлгийн дарга нарыг солих нь бараг уламжлал болчихлоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд I эмнэлгийн захирлуудын томилгоо нэлээн маргаан дагууллаа. Энэ тал дээрх таны байр суурь?

Өмнө энэ нь байдал харьцангуй гайгүй байсан. Харин Ковидын үед бөөнөөрөө хуралдах боломжгүй, үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотойгоор салбаруудад “түр томилгоо” хийх зохицуулалт орж ирсэн. Галын шугам дээр ажиллаж байсан эмнэлгүүдийн хувьд ч эмнэлгийн дарга нарыг нь солих асуудлууд гарч, Ковидын тухай хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр, салбарын сайд шууд томилгоо хийх эрхтэй болсон.

Гэтэл өнөөдөр Ковид дууссан ч тэр үеийн томилгооны зохицуулалт хэвээрээ үлдчихсэн. Өөрөөр хэлбэл, сайд шууд томилдог, мөн буцаан татахад ямар ч хязгаарлалтгүй, тогтолцоо үйлчилсээр байна. Улмаар эмнэлгийн удирдлагууд маш амархан солигддог боллоо. Үе үеийн сайд нарын үед эмнэлгийн дарга нар олон удаа солигдож ирсэн. Энэ бол эрүүл мэндийн салбар улстөржсөний маш тодорхой хэлбэр. Удирдлага байн байн солигдох нь гүйцэтгэл, санхүүжилт, үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, салбарын уруудалт, доройтлын томоохон шалтгаан болж байгааг ойлгох цаг нь хангалттай ирчхээд байна.

Аргагүй шүү дээ. Дарга бүр өөрийн амбиц, өөрийн менежментээр ажилладаг. Өмнөх удирдлагын хийсэн ажлыг бүрэн үгүйсгэх, эсвэл цоо шинэ бодлого эхлүүлэх байдлаар явсаар төрийн залгамж, халаа бүрэн алдагдсан. Ямар ч уялдаа холбоо байхгүй.

Нэг л зүйл тодорхой нь эрүүл мэндийн салбарт тогтвортой удирдлага, залгамж чанар, улс төрийн нөлөөнөөс ангид тогтолцоо зайлшгүй хэрэгтэй.

Ярилцлагыг бүрэн эхээр нь доорх линкээс уншаарай. 🏃‍➡️

ТАЙЛАН

🤯 Эрүүл мэндийн яамны түүхэн ухралт

Авлигатай тэмцэх газраас жил бүр гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2025 оны тайлан гарлаа. Тайлангаас харахад Эрүүл мэндийн яам түүхэн гэж хэлэхүйц хэмжээнд ухрав. 

Арай уначихсангүй: 60 “D”

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамны шударга байдлын үнэлгээ 2024 оныхоос 8 оноогоор буурч 63.2 болсон байна. 1 байсан бол яах вэ 3-ын 3 гахай гэдэг шиг 100 онооноос шүү дээ. Уг оноог 7 шалгуур үзүүлэлтээр гаргадаг бөгөөд дан ганц оноо буураад зогсохгүй 16 яамнаас 14-рт, төрийн 72 байгууллагаас 69-р байр руу унав. Товчхондоо хамгийн их авлига, хээл хахууль, шударга бус 5 дахь төрийн байгууллага болсон гэсэн үг. 

  • Нөхдийн хамт: Хамгийн болж бүтэхгүй ТОП-10 төрийн байгууллагад Эрүүл мэндийн яамнаас гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам гээд 3 яам багтаж буй. Үлдсэн 6 нь аймгийн ЗДТГ нэмээд Мал эмнэлгийн ерөнхий газар.  

Харж байгаачлан яам нь агентлагтайгаа хамт сүүл мушгиж, чих халууцуулав. Явж, явж байнга нүдүүлдэг ЭМДЕГ агентлагууд дундаа харьцангуй сайн үзүүлэлттэй буюу 76.5 оноотойгоор 34 агентлагаас 19-т жагссан байгаа юм. 

Задлан шинжилгээ

Эрүүл мэндийн гадаад болон дотоод шударга байдлын үнэлгээ хоёул буурснаас гадаад шударга байдлын үнэлгээ хамгийн их буюу 14.7 оноогоор буурч 53-т хүрсэн. Нэн ялангуяа авлигын тохиолдол, давтамж эрчимтэй нэмэгдсэний сацуу удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл буурсан үзүүлэлт гарчээ. Цаашлаад, төсөв, санхүүгийн ил тод байдал муудсан гэхчлэн яагаад 23 байр ухарч 69-рт бичигдсэн шалтгааныг дурайтал жагсаажээ. 

Авлигал, хээл хахуулиас гадна Эрүүл мэндийн яам санхүүгийн ил тод бус байдал, мэдээллээ нээлттэй тайлагнадаггүй нь ч маш том асуудал. Тийм ч мөнгөөр ийм ч юм хийнэ гэдэг хэр нь ажлын гүйцэтгэл, явц нь хэр байгааг нийтэд ил тод тайлагнаж байхгүй бол ч… 

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

Avatar

or to participate

Таньд санал болгох