POWERED BY

Өнгөрсөн 1-р сард эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдэл нэлээдгүй асуудал дагуулсан.  Таны хувьд эмч нарын цалингийн нэмэгдлийг хэрхэн харж байна? Бодит өөрчлөлт гарсан уу? 

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин бол өнөөдрийн байдлаар төсвийн байгууллагууд дотроо хамгийн доод түвшинд орж байгаа. Цалин хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлага аль эрт л гарч байсан. Гэсэн ч нэмээгүй. Хүний амь настай шууд холбоотой маш өндөр хариуцлагатай ажил хийдэг хүмүүс шүү дээ. Ажиллах орчныг нь харъя, өдөр шөнөгүй эмнэлэгт ажиллаж, ар гэрээ ихэнхдээ хойш тавьдаг. Ийм хүнд ажилтай байхад дор хаяж ар гэр, санхүү, эдийн засаг нь баталгаатай байх ёстой. Түүнийг шийдсэний дараа  хариуцлагын тогтолцоо ярих ёстой. Хоол хүнс, орон гэр, амьжиргааны наад захын урсгал зардлуудаа төлж чадаж байгаа юм уу гэхчлэн хүний наад захын хэрэгцээний асуудлууд нь ч аль хэдийнээ мартагдаж, хаягдчихсан байна.

Гэтэл бодит байдал дээр эрүүл мэндийн салбарын 36 мянган ажилтны 75%–80% нь зээлтэй. Тэдний ихэнх нь цалингаа зээлээ төлөхөд зарцуулж, түүнээс давж гарахгүй байна.

Цалин нь зөвхөн зээлээ төлөхөд л хүрэлцдэг, амьдралын бусад хэрэгцээ хангагдаж чадахгүй буюу урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж амьдарч байгаа нь үнэхээр харамсалтай.

Цалин нэмлээ гээд нэг л их баяр хөөртэй байгаа мэт харагдавч үнэндээ ажилчдын хувьд удаан хугацааны турш хүлээгдэж байсан шаардлагыг хангаж чадаагүй. Хүмүүсийнхээ нөхцөл байдлыг тартагт нь тултал явж байгаад одоо нэмж байгаа нь надад бол эмгэнэлтэй л санагдаж байна. Цалин гэж яриад байгаа ч энэ чинь тоо бус эмч, эмнэлгийн ажилчдын наад захын амьдралын баталгааг бий болгох асуудлыг л яриад байгаа шүү дээ. 

Ер нь сүүлийн 10 жилд эмч, эмнэлгийн ажилчдын цалин хэдэн удаа нэмэгдсэн бэ? 

2019 он хүртэл төсвийн санхүүжилтээр буюу Засгийн газрын тогтоолоор нэмээд явдаг байсан. Харин 2019 оноос гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу шилжсэн. Уг нь энэ тогтолцоо зөв менежменттэй явбал үр ашигтай ажиллах, санг баяжуулах, цалинг нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэдийн төлж буй даатгалын мөнгийг зүй зохистой удирдаад, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, дээрээс нь эмч, ажилчдынхаа цалинг олгоод явах бүрэн эрхийг нь өгсөн хэрэг. Хуучин тогтолцоо нь танд ₮100 өгөөд түүгээрээ л бүтэн жил амьдар гэдэг зарчмаар ажилладаг байсан. Гүйцэтгэлийн тогтолцооны гол давуу тал нь орлогоо нэгтгээд, хуримтлал үүсгэж, тодорхой хэмжээний мөнгөн дүнг жилдээ ашиглах эрхтэй болж буй нь. 

Эмч нарын цалингийн асуудал бол дэлхий нийтийн жишгээс хаа хол хоцрогдчихсон. Угтаа бусад улс оронд эхний 3-т багтаж явдаг шүү дээ. Гэтэл төсөвт байгууллагууд дундаа ч маш доогуур байна. Хуульч, прокурор, цагдаа, онцгой гэх мэт төрийн албанд ажилладаг байгууллагуудтай харьцуулахад ч эрс доогуур. Үүнээс үүдэн салбарын ажилчид ажиллах нөхцөл, амьдралын баталгаа, сэтгэл ханамжид асуудал үүсэж байгаа нь тодорхой.

Эмнэлгүүдийн гол санхүүжүүлэгч болох ЭМДС өөрөө алдагдалтай ажилладаг сан. Тусламж, үйлчилгээ, эмийн хөнгөлөлт нэмээд эмч нарын цалин гэхчлэн энэ бүх ачаа 1 сан дээр төвлөрөх нь  хэр оновчтой бөгөөд зөв бэ?

Үүнд нарийн тооцоолол хэрэгтэй. Жишээлбэл, гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжээд дөнгөж 6 дахь жил рүүгээ орж байна шүү дээ. Хамгийн гол нь яг энэ процессыг эхлүүлж байх үед цар тахал гарчихсан. Ковидын үед ЭМДС дээрээс нь УОК, Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ковидтой тэмцэхийн тулд эмнэлгүүдэд 1 хүний эмчилгээнд зарцуулах төсөв гэхчлэн онцгой анхаарал хандуулж байсан. Өөрөөр бол тухайн үед эмнэлгүүдийн төсөв эрчимтэй нэмэгдсэн. Дийлэнх эмнэлгүүд Ковид 19-ийн дараа нэмэх баланстай, цөөхөн эмнэлгүүд л хасах баланстай байсан байх.  

Яг үүнийг жишээ болгоод гүйцэтгэлийн санхүүжилт зөв тогтолцоо юм байна, цаашаа явах боломжтой юм байна гэдэг ойлголт авчихсан. Мөн чанартаа бол Ковидын үед түр хөөсрөл бий болсон байсан юм.

Одоо Ковид намжаад хэвийн амьдрал руу шилжихэд тусламж, үйлчилгээнээсээ хамаараад эмнэлгүүдийн ЭМДС-гаас нэхэмжилж байгаа дүн нь янз бүр байгаа. Тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн авч буй тусламж үйлчилгээ, өвчний онош гээд бүх зүйл өөр санхүүжилттэй. Үүнийг Ковидын жилүүдтэй харьцуулахад харьцангуй хүрэлцээ муутай болж эхэлж байгаа юм.

2023 оноос хойш ЭМДС эмнэлгүүд рүү гүйцэд нэхэмжилсэн санхүүжилтийг нь өгч чадахгүй байгаа том асуудал бий. Үр дүнд нь ЭМДС байгууллагуудад өглөгтэй эмнэлгүүд санхүүжилтээ дутуу авсан учраас худалдан авсан бараа, материалын төлбөрөө ч бүрэн төлж барагдуулж чадахгүй байдалтай л явж байна. Гэтэл эмнэлгийн нөгөө талд ханган нийлүүлэгч компаниуд бас төлбөр, мөнгөө авч чадахгүй байгаа учраас эм, эмнэлгийн хэрэгслийн импорт хийх боломжгүй болж, 1 цикл гацаанд орчихсон. Эцсийн бүлэгтээ эмнэлэг нь нэхэмжилсэн мөнгөө авч чадахгүй, компаниудынх нь төлбөр тооцоо дуусахгүй байгаа учраас энэ оны тендерт орох боломжгүй, эргэлтийн хөрөнгө нь дутагдаж, зарим нь дампуурч байна. Зарим нь банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байх жишээний. Үндсэндээ эмнэлэгт ханган нийлүүлэлт хийдэг компаниуд хүртэл амьдрах гэж л үзэж тарж байна. Бүгд л асуудалд орчихсон.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт төрийн байгууллага гэхэд одоо 660 орчим байгууллага байна. Нийт 36 мянга гаруй эмч ажиллах ёстой, тэдгээрээс зөвхөн 49 нь төсвийн санхүүжилттэй, бусад нь даатгалын санхүүжилттэй. Төсвийн санхүүжилттэй байгууллагууд цөөн тооны, зарим нь өөрсдөө гүйцэтгэлээ хянаж, менежментээ хийж чаддаг. Бусад нь даатгалын сан хөмрөгөөр амь зогоож байгаа гэсэн үг.

Одоо бодит шинэчлэл хийж, өр төлбөр тойрсон гацааг арилгахгүй энэ тогтолцоо цаашид үргэлжлэх боломжгүй. Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд ийм л дүгнэлтэд хүрч байна.

Эмнэлгүүдийн өөрийн орлогын хэмжээ нийт санхүүжилтийнх нь 5%-д ч хүрдэггүй. Өөрөөр бол санхүүжилт харж суухаас аргагүй байдалд байгаа. Тэгэхээр эмнэлгүүдийн санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ? Нөгөөтээгүүр санхүүжилт олгож чадахгүй байгаа, мөнгөгүй гэгддэг ЭМДС-д шат давхаргатай авлига, албан тушаалын хэргүүд гардаг. Сан мөнгөгүйдээ биш, хоослоод байдаг гэсэн үг үү? 

Ил болсон хамгийн том жишээ нь гэхэд Капитал банкны хэрэг шүү дээ. Тэр асуудал өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй л явж байна. Гол нь даатгалын сангийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байна вэ, яаж алдахгүй хадгалах вэ, цаашлаад яаж зөв ашиглаж, баяжуулах вэ гэдэг асуудал л хамгийн чухал. Эрүүл мэндийн байгууллагууд хэчнээн хэмнэлт хийж, бүсээ чангалаад ажилласан ч даатгалаас нэхэмжилж авч байгаа орлого нь хязгаартай болохоор салбарын хөгжил ерөөсөө урагшлахгүй байна. 

Гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжиж эхэлснээс хойш нэхэмжлэлтэй холбоотой маш олон асуудал гарсан. Код буруу бичсэн, тэмдэглэгээ алдаатай, буруу нэхэмжилсэн гэдэг үндэслэлээр маш их хасагдал хийж ирсэн. Одоо ч энэ байдал үргэлжилж буй.

Жишээлбэл, Улсын II төв эмнэлэг 2025 онд гэхэд л ₮1.2 тэрбумын хасалт хийлгүүлсэн.

Мэдээж алдаа гаргасан бол хасалт хийх нь зүй ёсны хэрэг. Ингэж байж тогтолцоо цэгцэрнэ. Гэхдээ зарим үед хэтрүүлэн ашиглах хандлага ажиглагдаж байгаа. Миний сонссоноор нэг хэсэг сан дотооддоо хасалтын хувийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан үе ч бий. Ингэж болохгүй.

Тухайн үед удирдлагын түвшинд “Эмнэлгүүдийн санхүүжилтийн хасалт бага буюу 10%–15%-тай байгаа. Харин Солонгост 20%–23%-тай байдаг” гэж толгой угааж байсан. Гэтэл бодит байдал дээр Солонгост энэ тогтолцоо 25–30 жил хэрэгжиж, одоо хасалтын хувь нь 1%-д ч хүрэхгүй болсныг сүүлд нь судлаад л мэдчихэж байгаа юм чинь. 

₮1.2 тэрбум бол нэг эмнэлгийн бүтэн 1 сарын бүх ажилчдын цалин, урамшуулалтай тэнцэх хэмжээний их мөнгө. Ийм хэмжээний хасалт хийх нь өөрөө эмнэлгийн үйл ажиллагаанд асар том саад болж байгаа хэрэг.

Төр өөрийнхөө эмнэлгүүдийн хөгжлийг ингэж гацааж болохгүй. Энэ асуудал нь зөвхөн салбарын хөгжил төдийгүй эмч, ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудалд хүртэл шууд нөлөөлж, бүх түвшинд гацаа үүсгэж байгаа.

Даатгалын сангийн орлогын дийлэнхийг төрийн дааж буй даатгуулагчид болон төсвөөс олгож буй тусламж, үйлчилгээний орлого бүрдүүлж, харин бодит шимтгэл төлөгчдийн суурь харьцангуй бага байгаа. Энэ нөхцөлд сангийн санхүүжилтийг хэрхэн тогтвортой нэмэгдүүлэх боломжтой вэ?  

Хөрсөн дээрээ байгаа бодит нөхцөлийг харахаар эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл, төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд бий. Даатгалаар 100% төлөгддөггүй тусламж, үйлчилгээний тодорхой хэсгийг иргэн өөрөө төлдөг.

Гэхдээ тэр үйлчилгээний орлого нь Төрийн сан руу ордог. Гэтэл Төрийн сан руу орсон мөнгийг тухайн эмнэлэг эргээд захиран зарцуулах эрхгүй буюу эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөр дотроо үлддэггүй.

Тиймээс төлбөртэй тусламж үйлчилгээг хууль, журмын хүрээнд эмнэлэг өөрөө тодорхой заалтаар ашиглах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тухайн орлогоо иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарт буцааж шингээх боломжийг бүрдүүлэх ёстой.

Нөгөө талдаа даатгалын тогтолцооны шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлт ч бас чухал. Би Японд 4 жил сурч байхдаа тогтолцоог нь нэлээдгүй судалж байсан юм. Тэнд зарим өндөр өртөгтэй, өндөр технологи шаардсан тусламж үйлчилгээг иргэн эхлээд 100% өөрөө төлдөг. Үйлчилгээгээ авсны дараа даатгалын байгууллага хуралдаж, хэдэн хувийг нь буцаан олгохоо шийддэг. Жишээ нь 75%-ийг нь буцаан олгоод 25%-ийг нь өөрөө хариуцах байдлаар явдаг.

Энэ бол хамтын төлбөрийн зарчим. Иргэн мөнгөө урьдчилж төлөөд, тусламж үйлчилгээ авсны дараа даатгалаас буцаан нэхэмжилнэ. Эндээс би 2 зүйлийг харсан. 

  • Нэгдүгээрт, иргэн өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай байх ёстой. 

  • Хоёрдугаарт, иргэн өөрийн эрүүл мэндэд зориулсан санхүүгийн хуримтлалтай байх шаардлагатай.

Мэдээж бүх тусламж дээр хамтраад төлнө гээд байж болохгүй, ёсгүй. Яаралтай тусламж, халдварт өвчин, эх барих, хүүхдийн зарим тусламжийг шууд үзүүлэх нь зөв. Гэхдээ иргэний өөрийн хариуцлагаас шалтгаалсан тодорхой нөхцөл, тодорхой онош дээр иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Жишээлбэл, архины хордлоготойгоор олон удаа эмнэлэгт хэвтдэг хүмүүс байна. Ийм тохиолдолд оношны бүлгээр нь ялгаад, эхлээд 100% төлбөрөө төлнө, дараа нь тодорхой хувийг даатгалаас буцаан олгох зохицуулалт хийж болно. Энэ бол хариуцлагын асуудал.

Ахиад өөр жишээ, шинжилгээгээ өгчхөөд хариугаа авахгүй, эмчээс зөвлөгөө авахгүйгээр шууд явчихдаг. Үүний ард асар их үргүй зардал гарч байгаа шүү дээ. Манай лабораторид гэхэд хариугаа аваагүй шинжилгээнүүд өрөөтэй байгаа. Энэ бол иргэн эрүүл мэнддээ хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл. Төлбөр төлсөн бол хүн заавал эргэж ирж зөвлөгөөгөө авна. 

Гэтэл манайд эсрэгээрээ бүхнийг “даатгалаар үнэгүй” гэсэн ойлголт давамгай байгаа болохоор эмч, сувилагчийн хөдөлмөрийн үнэ цэн, тусламж, үйлчилгээний үнэ цэн, сангийн мөнгөний үнэ цэн гээд бүгд алдагдчихсан. Энд иргэний хариуцлага, эрүүл мэндийн боловсролыг зайлшгүй бодлогоор бий болгох шаардлагатай.

Үүнтэй уялдаад бас нэг том асуудал бол эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж байгаа явдал. Эрүүл мэндийн салбар улс төрийн хэрэгсэл болчихсон нь бодит ахиц, хөгжилд тээг тушаа болсоор ирсэн. Мэдээж тогтолцоог шинэчлэхэд эсэргүүцэл тулгарна. Гэхдээ эрсдэлтэй гээд зогсох биш, зөв голдирол руу зоригтой оруулах ёстой. Эрүүл мэнд бол угаасаа улс төржүүлж болохгүй салбар. Энэ зарчим л хамгийн чухал.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр зөвхөн иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж эмнэлгийн урсгал зардал, засвар, тог цахилгаан дулаан зэрэг зардлуудыг төсвийн санхүүжилтээр шийддэг болгох хэрэгцээ тулгарч байна. Дан даатгалаас нэхэмжилсэн орлогоор бүх зүйлийг явуулж дийлэхгүй байдалд хүрлээ. Жишээлбэл томограф, ангиограф, MRI зэрэг тоног төхөөрөмжүүдийн урсгал засварын төлбөр маш өндөр болсон. Гэтэл эмнэлгүүд өөрийн орлогоороо тэр төлбөрийг төлж дийлэхгүй байгаа. Тухайн тоног үйлчилгээгүй явсаар байгаад нэг өдөр эвдэрч маш их хохирол учирдаг асуудал шийдэгдээгүй л байна. Барилгын насжилт өндөртэй эмнэлгүүд их бий. Гэтэл засвараа хийж чадахгүй эмнэлгүүд бас зөндөө байна гэхчлэн эдгээр хүндрэлүүдийг даван туулахад санхүүжилт л хэрэгтэй. 

Сайд нар томилогдсоныхоо дараа эмнэлгийн дарга нарыг солих нь бараг уламжлал болчихлоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд I эмнэлгийн захирлуудын томилгоо нэлээн маргаан дагууллаа. Энэ тал дээрх таны байр суурь?

Өмнө энэ нь байдал харьцангуй гайгүй байсан. Харин Ковидын үед бөөнөөрөө хуралдах боломжгүй, үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотойгоор салбаруудад “түр томилгоо” хийх зохицуулалт орж ирсэн. Галын шугам дээр ажиллаж байсан эмнэлгүүдийн хувьд ч эмнэлгийн дарга нарыг нь солих асуудлууд гарч, Ковидын тухай хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр, салбарын сайд шууд томилгоо хийх эрхтэй болсон.

Гэтэл өнөөдөр Ковид дууссан ч тэр үеийн томилгооны зохицуулалт хэвээрээ үлдчихсэн. Өөрөөр хэлбэл, сайд шууд томилдог, мөн буцаан татахад ямар ч хязгаарлалтгүй, тогтолцоо үйлчилсээр байна. Улмаар эмнэлгийн удирдлагууд маш амархан солигддог боллоо. 

Үе үеийн сайд нарын үед эмнэлгийн дарга нар маш олон удаа солигдож ирсэн. Энэ бол эрүүл мэндийн салбар улстөржсөний маш тодорхой хэлбэр. Удирдлага байн байн солигдох нь гүйцэтгэл, санхүүжилт, үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, салбарын уруудалт, доройтлын томоохон шалтгаан болж байгааг ойлгох цаг нь хангалттай ирчхээд байна.

Аргагүй шүү дээ. Дарга бүр өөрийн амбиц, өөрийн менежментээр ажилладаг. Өмнөх удирдлагын хийсэн ажлыг бүрэн үгүйсгэх, эсвэл цоо шинэ бодлого эхлүүлэх байдлаар явсаар төрийн залгамж, халаа бүрэн алдагдсан. Ямар ч уялдаа холбоо байхгүй. 

Сүүлийн жилүүдэд зарим эмнэлгүүдэд ТУЗ-тай болсон. Зарим нь ТУЗ-тэй, зарим нь огт байхгүй. I эмнэлэг, III эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, зарим дүүргийн эмнэлгүүд ТУЗ-тэй бол бусад нь өөр тогтолцоотой явдаг гэсэн үг. 

Манай эмнэлэг ТУЗ-гүй учраас миний хувьд ТУЗ-ийн ач холбогдол, сул талыг бүрэн дүүрэн дүгнэх туршлага алга. Гэхдээ өмнөх жишээнүүдээс харахад ТУЗ 1 хүний, эсвэл зөвхөн сайдын шийдвэрээс хамаарах бус, олон гишүүний хэлэлцүүлэг, зөвшилцлөөр илүү бодитой шийдвэр гаргах эрх чөлөөтэй, боломжтой байх хэрэгтэй санагддаг.  

Нэг л зүйл тодорхой нь эрүүл мэндийн салбарт тогтвортой удирдлага, залгамж чанар, улс төрийн нөлөөнөөс ангид тогтолцоо зайлшгүй хэрэгтэй.

Жилд дор хаяж 1 эмнэлгүүдийн удаа санхүүжилт тасарч, хангамжийн хомсдолд ордог боллоо. Энэ үед эмнэлэг ямар зохицуулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг вэ?

Өнөөдрийн бодит байдал гэвэл улсын эмнэлгүүдийн эм, багаж хэрэгслийн хангалт маш хүндрэлтэй байдалд орчихсон. Худалдан авалт зарлаад ч компаниуд тендерт оролцохгүй байна. Хүнд өвчтөн ирэхэд эмнэлэг зүгээр хараад, гараа хумхиад суух боломжгүй. Үнэн байдлаа хэлээд, албан ёсны эрхтэй газраас шаардлагатай зүйлийг нь авч ирвэл эмчилгээг нь хийе гэсэн зохицуулалт руу шилжчихсэн.  

Тиймээс дор хаяж амбулаторийн, амь насанд ноцтой биш шинжилгээ, үйлчилгээний үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлбэл эмнэлэг өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлж болохоор  харагддаг. Үүний өмнө эмнэлгүүдийн төлбөртэй үйлчилгээний орлого Төрийн сан руу ордог асуудлыг шийдэх ёстой. Үүнийг өөрчилж чадвал эмнэлгүүд даатгалын системийн хажуугаар бага ч гэсэн хуримтлалтай болж, санхүүжилт тасрах үед өөрийгөө авч явах боломж бүрдэнэ.

Нөгөө талд, тусламж үйлчилгээний өртөг сүүлийн 10 гаруй жил бараг өөрчлөгдөөгүй.

Валютын ханш, импортын үнэ, зардал асар өссөн байхад үнийн тариф 2021 оноос хойш шинэчлэгдээгүй. Жишээ нь, хавдрын түлэх эмчилгээ 2019–2020 оны батлагдсан тарифаар явж байна. Гэтэл 1 ширхэг зүүний өртөг нь нэхэмжлэх үнээсээ давчихсан тул зарим эмнэлэг энэ эмчилгээг хийхээ зогсоосон. Үнийн өөрчлөлтийг жил бүр судалгаанд үндэслэн шинэчилж явах ёстой. Олон улсад ингэж л ажилладаг. 

Эцэст нь сүүлийн үед эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи нэвтэрч, өмнө нь боломжгүй байсан мэс засал, эмчилгээ хийгдэх болсон. Нөгөө талд зардал асар их өснө гэсэн үг. Одоогийн тогтолцоо ирээдүйд тэдгээр өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээг дааж чадах уу? Улам гүнзгий хямралд орох магадлалтай юм биш үү? 

Мэдээж технологийн хөгжил асар хурдацтай явж байна. Өмнө нь хэвлийн хагалгааг заавал нээж хийдэг байсан бол өнөөдөр төвийн ч бай, дүүргийн ч бай эмнэлгүүд бараг бүгд дурангийн хагалгаа хийдэг болсон. Компьютер томографи, MRI, хавдрын оношилгоонд PET-CT зэрэг өндөр өртөгтэй шинжилгээ, тусламж үйлчилгээ бараг стандарт болчхоод байна.

Үүний үр дүнд 1 өвчтөний асуудлыг шийдэхэд олон төрлийн, өндөр зардалтай тусламж үйлчилгээ зэрэг шаардагддаг болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 10 хүнд хүрдэг байсан санхүүжилт өнөөдөр 1 хүнд л зарцуулагдаж байгаа тохиолдол бий болж байна.

Даатгалын тогтолцоо угаасаа энэрэнгүй, хамтын зарчимтай. Миний, таны болон бусдын хуримтлуулсан шимтгэлээр үнэхээр тусламж хэрэгтэй хүнд үйлчлэх ёстой систем. Гэтэл технологи хөгжихийн хэрээр энэ энэрэнгүй тогтолцоонд 1 хүнд ногдох санхүүгийн ачаалал асар ихээр төвлөрч, 5–10 өндөр өртөгтэй үйлчилгээ ганц өвчтөн дээр давхар хийгдэх нөхцөл үүсээд байна.

Нөгөө талаасаа шинэ технологи нэвтрэх үед эхлээд даатгалын санхүүжилтгүйгээр тодорхой туршилт хийж, үр дүнг нь танилцуулдаг. Хэрвээ үр ашигтай, бодит хэрэгцээтэй гэдэг нь батлагдвал Даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, даатгалд оруулдаг. Гэхдээ энэ босгыг давна гэдэг нь шинэ технологи нэвтрүүлж буй баг, тасаг, эмнэлгүүдэд амар биш асуудал. Яам бодлогын хүрээнд зарим технологийг шууд оруулж байгаа жишээ бий. Жишээлбэл робот мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт. Гэвч эдгээр технологийн урсгал зардал асар өндөр байгаа нь том сорилт болж байна.

Робот мэс засал бол дурангийн дараагийн шатны үсрэнгүй хөгжил мөн. Гэхдээ нэг удаа хэрэглэдэг хэрэгслийн үнэ, үйлчилгээний нийт өртөг маш өндөр. Тиймээс эдгээрийг тооцоонд суурилж, шаталсан байдлаар даатгалд оруулах хэрэгтэй.

Засгийн газар ирэх жилийг “Эрүүл мэндийн жил” болгон зарласантай холбоотойгоор салбарын асуудлыг цэгцлэх болов уу гэх хүлээлт үүсээд буй. Бодит шинэчлэл хийхийн яг ямар ажлуудаас эхлэх хэрэгтэй гэж харж байгаа вэ? 

Эрүүл мэндийн салбарт чиглэсэн өөрчлөлтүүдийг материаллаг хөрөнгө оруулалтаас илүү хүний нөөцийн чадамж, цалин урамшуулал, тогтолцооны түвшинд гүнзгий хийх шаардлагатай гэж харж байна. Анхан, дунд, ахисан шатны эмнэлгүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хууль журмыг бодитоор мөрдүүлж чадвал салбарын өдөр тутмын үйл ажиллагаа аяндаа жигдэрнэ.

Иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээний хувьд төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэдээс шууд төлбөр авахгүй байх тогтолцоо руу шилжих нь цаг хугацааны асуудал. Гэхдээ хамгийн чухал нь хэрэгжилт болон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн орчныг тодорхой, тогтвортой болгох явдал. Салбарыг улс төржүүлэхгүйгээр системийн реформ хийж чадвал бодит өөрчлөлт гарах болов уу. 

Сэтгэгдэл

Avatar

or to participate

Таньд санал болгох