TOGETHER WITH

Эрүүл мэндийн салбарын мэдлэг, мэдээллийг дата, судалгаа, шинжилгээнд тулгуурлан хүргэх зорилготой Care News имэйл товхимлын анхны дугаарт тавтай морил. 🎉

Яагаад Care News-г унших хэрэгтэй вэ?

  • Монгол болон дэлхийн эрүүл мэндийн салбарын үйл явдал, чиг хандлага

  • МедТек бизнес, инновац болон хөрөнгө оруулалтын мэдээ

  • Бодлого, зохицуулалтын өөрчлөлтийн дүн шинжилгээ гэхчлэн салбарын мэдээллийг 7 хоног бүр уншихыг хүсвэл Care News танд зориулагдсан товхимол юм. Найз нөхөд, ойр дотнынхондоо ЭНЭ линкийг хуваалцаж, бидний талаар дуулгаарай. 🤗

Танилцуулга дууслаа. Харин одоо гол сэдэв рүүгээ орцгооё. 👇

ЭДИЙН ЗАСАГ

🩺 Эмч нарын цалин ба амьжиргааны өртгийн зөрүү

Сүүлийн 5 жилд эмч, эмнэлгийн ажилтнуудын дундаж цалин ₮940.7 мянгаас ₮1.6 сая буюу 70% орчим хувиар өсжээ. Гэвч ижил хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 110%–200% өссөн байна.

Яагаад ₮3.5 сая гэж? 

Ирэх Пүрэв гараг буюу 11 сарын 13-нд эмч нар ажил хаялт зарлах гэж байна. Үүнийг зогсоох ганц арга нь эмч нарын дундаж цалинг ₮3.5 сая болгох явдал. Гэсэн хэдий ч хаанаас, ямар тооцооллоор ₮3.5 сая гэдэг дүн гараад ирчихсэн юм бүү. Мэдээж энэ нь өнөөгийн салбарын дундаж цалин болох ₮1.6 саятай харьцуулахад өндөр тоо. Гэхдээ бодит байдал дээр эмч нарын шаардаж буй ₮3.5 саяыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулаад үзье. 

  • 2015 он: ₮20,097-өөр 1 кг үхрийн цул мах, 1 кг будаа, ургамлын тос, 1 кг Монгол төмс гэхчлэн 1 өдөртөө л хөөрхөн бондойчихоор гол нэрийн 9 төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломжтой байжээ. Энэ дотор 1 л дизель түлш ч багтаж байгаа гээд л бод. Үүнийг 1 сагс гээд бодчихъё.  

  • Харин 10 жилийн дараа яг ижил 9 төрлийн бүтээгдэхүүн авахын тулд та 2.6 дахин ₮52,493-ийг зарцуулж байна.

Нэрэн дээрээ цалин өссөн ч тор хоосроод байгаагийн учир нь бидний хэтэвч дэх ₮-ийн худалдан авах чадвар буурч, жил жилээр үнэгүйдэж байгаатай холбоотой. Улаанбаатар хотын инфляц гэхэд сүүлийн 5 жилд 8 нэгж хувиар өсөж өдгөө 9.9%-д хүрээд байгаа. Энэ нь амьдрал дээр буухдаа 2020 онд ₮200,000-өөр дээр дурдсан 9 өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс 7 сагсыг авдаг байсан бол, өдгөө 2 дахин багасаж 3-4 орчим сагс хүнс л авах боломжтой болоод буй. 

Эмч нарын бодит цалин ₮4 сая

Эмч нарын цалинг ₮3.5 саяд хүргэх шаардлага нь бодит цалингийн өсөлт бус ердөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн зөрүүг хангах чадалтай дүн гэдгийг анхаараарай. Ядаад үүнээс татвараа төлөөд гар дээр ₮2.7 саяыг л авах буюу цалин ₮3.5 сая хүрснээр, одоо авч буй хагас тор хүнс, бүтэн тор болж өөрчлөгдөхөөс хэтрэхгүй.

Тэгэхээр бодит өөрчлөлт хийхийн тулд эхний ээлжид эмч нарын цалинг нэмэхдээ одоогийн инфляц ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давж тооцох ёстой. 

  • Тооцоолол: Амьжиргааны өртгийн бодит өсөлтийг тооцоод, эмч нарын цалинг бодитоор 10% нэмье гэж үзвэл, ₮3.8 сая, харин 20%-иар тооцоход ₮4.2 сая гэдэг дүн гарахаар байна!

  • Энэ бүхнээс, эмч нарын өнөөгийн дундаж цалин болох ₮1.6 сая нь худалдан авах чадвараараа 2020 оны дундаж цалин болох ₮940 мянгатай тэнцүү, зарим талаараа бага болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Бодлого боловсруулагчдад захихад, хэрэв Засгийн газар ажил олгогчийн хувиар эмч нарын цалинг бодитоор өсгөхийг зорьж байгаа бол эхлээд инфляц, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах ёстой. Үнийн өсөлт сүүлийн 5 жилийнх шиг пуужиндсаар байвал цалинг хэд ч гэж амласан цаасан дээрх тооноос хэтрэхгүй.

БОДЛОГО

🤒 10% ч хүрдэггүй эрүүл мэндийн төсөв

Өнгөрсөн 25 жилд улсын төсвийн нийт зардал 78 дахин өсөж, ₮33.4 их наядад хүрээд байна. Хүнээр бол тус хугацаанд өмдөндөө багтахгүй болтлоо төсөв зузаарч чадсан ч харамсалтай нь эрүүл мэндийн салбарын төсөвт эзлэх жин хумигдсаар… 

Үлгэр ярьж өгье

Тэртээ 2000 онд улсын төсвийн нийт зардал ₮429.7 тэрбум байжээ. Үүний 10.7% буюу ₮45.9 тэрбум нь эрүүл мэндийн салбарын зардал хэмээн хуваарилагдаж байв. Өөр нэгэн харамсалтай зүйл нь түүхэндээ эрүүл мэндийн салбарын төсөвт эзэлж буй жин 10%-ийг давж байгаагүй. 2005 онд 11% хүрэхээ алдаад түүнээс хойш дэгэн догон өссөн ч том зургаараа буурсаар 2025 онд 5.5%-ийг л эзлэх болов. 

  • Хэдий төсөв хуваарилалт дээр Эрүүл мэндийн сайдын захиран зарцуулах төсөв ТОП-4-т багтаж байгаа ч, цар тахлаас хойш бүр ч эрчимтэй уруудсаар өнөөгийн 5.5%-д хүрээд байна. 

Дэлхийн жишиг

Угтаа аливаа улс орны эрүүл мэндийн салбартаа зарцуулах төсөв дан ганц төсвийн хүрээнд бус дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий тодорхой хувиар тогтоогдох ёстой. Тухайлбал, ДЭМБ-ын 2022 оны тайлангаар Америк эрүүл мэндийн салбарт зарцуулж буй дүнгээрээ бусад улсаас цойлж, ДНБ-ийхээ 16.6%-ийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ. Харин манайх бусад улстай харьцуулахад яг л алтан дундаж буюу 8.8%. Гэхдээ бид $29 их наядын эдийн засагтай Америкийг $23.6 тэрбумын эдийн засагтай Монголтой харьцуулж байгааг анхаараарай. 

  • Эргээд төсвийн хэрүүл рүүгээ ороход, 2021 онд Эдийн засаг хамтын ажиллагааны орнуудын (OECD) Засгийн газрын нийт зардлын дунджаар 15%-ийг эрүүл мэндийн салбарт хуваарилж байв. Яг тус онд харин манайх төсвийн 6.8%-ийг эрүүл мэндийн салбарт хуваарилж байсан. Харж байгаачлан дэлхий тэнд, манайх энд гэдэг тоон үзүүлэлттэй л явж байна. 

Товчхондоо бүхэл бүтэн 25 жилийн турш голлох салбар болсон эрүүл мэндийн салбарын төсөв орхигдож, оронд нь ЗГ барилга, зам, идлэг уулгадаа анхаарсны гор нь өнөөдөр гарч байна. Юу хэлэх вэ… 

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н анхны дугаар таалагдсан бол ойр тойрныхондоо санал болгоорой. Good news deserves to be shared. 🤭

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэхэн мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж авах боломжтой шүү.

Reply

or to participate

Keep Reading

No posts found