TOGETHER WITH

Эргэн тавтай морил! Эмч нарын цалин хөлсний асуудал хурцдаж ахин нэг ажил хаялт руу ч хөтлөх гээд байна уу даа? Ядаж байхад яамных нь өөрөө эрхлэн гаргаж буй “Би нэмэгдэлдээ сэтгэл хангалуун” гэх трэнд олон ч хүний дургүйг хүргэх шиг боллоо. Гэснээс бид салбарын асуудлууд дээр А-Я хүртэл гүнзгий судалгаатай нийтлэл гаргахаар хамтран ажиллах эмч нарыг хайж байгаа шүү. Сонирхож байвал холбогдоорой. 😉
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
ТОМИЛГОО
😨 ЭМДС-гийн дарга нарын хар түүхүүд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын газраас өрх тусгаарлаад хэдийнээ 10 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ЭМДЕГ 5 даргын нүүр үзсэний 3 нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан түүхтэй юм байна.
Хүүгийн хэрэг
2016 оноос ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн ЭМДЕГ-ын анхны даргаар хэн ажиллаж байсан нь тодорхойгүй ч 2017 онд Ч.Алтанхуяг томилогдон 2 жил ажиллаж байжээ.
Чөлөөлөлт: Тэрбээр санг удирдсанаас 2 жилийн дараа буюу 2019 оны 9-р сард албан тушаалаа урвуулан ашиглаж даатгалын сангийн мөнгийг "Чингис хаан" банканд давуу байдал үүсгэн байршуулсан гэх үндэслэлээр шалгагдаж, улмаар 2020 онд ₮30 саяар торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулах ял сонссон юм.
Тухайн үед сангийн чөлөөт мөнгөн урсгал болох ₮30 тэрбумыг тус банканд байршуулсныхаа төлөө хүүгээс нь ₮86.2 саяыг авсан нь тогтоогдож байв.
Даатгуулагчаа давсан санхүүжилт
Угтаа түүний дараагаар томилогдсон Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ыг хамгийн удаан буюу 4 жил удирдсан нэгэн. Гэсэн ч тэрбээр ахиад л авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, өнгөрсөн онд хахууль авсан, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар татагдсан. Түүний хувьд улсын болон хувийн эмнэлгийн даатгалын санхүүжилтээс хувь нэхэж, өвчтөний тооноос давсан санхүүжилт олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
Сонирхолтой нь түүний өөрийн орлого ЭМДЕГ-ын даргаар томилогдох үед буюу 2020 онд ₮65 сая байсан бол 2023 онд 3 дахин өсөж ₮137.4 саяд хүрч байжээ. Үгүй нээрээ хөдөлмөр хүнийг бүтээнэ ээ гэж…
Асуудалтай томилгоо
Харамсалтай нь ЭМДЕГ-ын өмнөх дарга авлига, албан тушаалын хэргээр огцорсон ч түүний оронд тухайн үедээ авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд томилогдсон байдаг.
Тухайн үед тэрбээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг Өмнөд Солонгосын компанитай хамтарч завшин үрэгдүүлсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан.
Түүнийг ЭМДЕГ-ын даргаар ажиллахад АТГ ямар нэгэн асуудалгүй гээд томилогдсон ч томилогдсон жилээ давж чадалгүй, салбарын сайд нь хамтран ажиллах боломжгүй хэмээн огцруулсан түүхтэй.
ЭМДЕГ-ын дарга нар гэлтгүй өнгөрсөн жил салбарынх нь сайд 3% хүрэхгүй шалгалт хийхэд 130,00 гаруй зөрчил илэрч байсан удаатай. Бүрэн шалгалт хийвэл хэд ч болох юм. 😱 Сангийн алдагдалд буруу менежментээс илүү шат давхаргатай хумслалт хамгийн их нөлөөлж буйг үүнээс хангалттай харж болохоор.
ОЛОН УЛС
😷 Гадагш эмчлүүлж буй монголчууд

World Health Expo
Өнгөрсөн оны эхний 10 сард улсын хэмжээнд 13,008 иргэн гадаад руу зайлшгүй шаардлагаар болон өөрийн хүсэлтээр эмчилгээнд явжээ. Гадагш эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь Өмнөд Солонгос, Хятад, Турк тэргүүтэй улсуудыг зорьж байна.
1 өвчтөн = $46–$47 мянга
Хамгийн сүүлд Монголбанк 2020 онд гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн зардлыг судалгааг гаргаж байсан бөгөөд тухайн үед 1 өвчтөний Өмнөд Солонгост эмчлүүлэх зардал $46–$47 мянга орчимд хэлбэлзэж байсан юм. Дэлгэрүүлбэл, нийт судалгаанд оролцсон иргэдээс 114 нь Өмнөд Солонгост эмчлүүлж, нийтдээ $5.3 саяыг эмчилгээ, үйлчилгээний төлбөрт төлж байв. Энэ нь нийт зардлын 46%-ийг бүрдүүлсэн үзүүлэлт юм. Харин удаад нь нийт зардлын 25% буюу $3 саяыг Энэтхэгт эмчлүүлэхэд, 12% буюу $1.4 саяыг Хятадад эмчлүүлэхэд тус тус зарцуулсан байна.
Цаашлаад, тухайн онд судалгаанд оролцогчдын 53% нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэх шалтгаанаар гадаад улсад эмчилгээ хийлгэсэн бол үлдсэн 47% нь өөрийн хүсэлтээр эмчлүүлсэн аж.
Хэдий сүүлийн жилүүдэд дотоодод эмчлэх боломжгүй өвчний тоо буурч байгаа ч зүрх болон мэдрэлийн мэс засал, үргүйдэл гэхчлэн 25 өвчнийг зайлшгүй гадагш явж эмчлүүлэх шаардлагатай байгаа.
Хэр хугацааг зарцуулж байна?
Дундаж хугацааны хувьд хамгийн их буюу 80 хоногийг мэс засал хийлгэхэд, эмчилгээ сувилгаа хийлгэхэд 36 хоног, давтан эмчилгээ хийлгэхэд 35 хоног, үзлэг оношилгоонд 17 хоног, гоо сайхны мэс ажилбар, амаржих гэх мэт бусад үйлчилгээнд дунджаар 48 хоногийг зарцуулсан байгаа юм.
Үйлчилгээний төрлөөр ангилахад, судалгаанд оролцогчдын 78% нь мэс засал, 15% нь үзлэг оношилгоо, 4% нь эмчилгээ, сувилгаа, 2% нь давтан эмчилгээ, 1% нь бусад эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчжээ. Дийлэнхдээ аминд тулсан эмчилгээ хийлгэхийн тулд гадаад улсыг зорьдог гэсэн үг.
Мэдээж гадаадад эмчилгээ хийлгэх нь дийлэнх иргэдэд асар их санхүүгийн дарамт үүсгэдэг. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 55% буюу 225 иргэн эмчилгээний зардлаа зээл болон өөрийн хөрөнгөөр бүрдүүлж, нийт зардлынхаа 70%–80%-ийг зээлээр гаргасан байгаа юм. Ай тэгээд Монголд эмчлэх боломжтой өвчин байсан ч хүлээлэг нь асар удаан буюу бараг л хүлээж байгаад үхэх, үнэхээр нэн шаардлагатай бол гадагш явж эмчлүүлэх дээрээ тулж буй олон жишээ гарсаар.
Өндөр өртөг бүхий мэс заслыг дотооддоо хийж байгаа нь талархмаар ч оочир, дараалал нь хоолойнд тулсан асуудал болж байна даа.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.