TOGETHER WITH

Шинэ 7 хоногийн мэнд! OpenData дээрх СЭМҮТ-ийн нээлттэй тендерийн мэдээллийг ухтал 2018 оноос хойш 177 тендер зарласны дийлэнх буюу 76.6% нь эм бэлдмэл, эмнэлгийн багаж хэрэгслийн тендер байжээ. Илүү дэлгэрэнгүйг удахгүй сошиал хуудастаа оруулах тул дагаарай. Ер нь энэ мэтчилэн эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авалт, хөрөнгө оруулалтын задланг оруулж байвал ямар байна? 🤔  

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Мэдсэн үү? Чингэлтэй дүүргийн шинэхэн Эрт илрүүлэг, оношилгооны төв. (ЧингэлтэйДүүрэг)

  • Луйвар? Даатгалын компаниуд эрүүл мэндийн үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг вэ? (CBSNews)

  • Гэрэл гэгээ: Эмэгтэйчүүдийн өндгөн эсийг залуужуулж, чанаржуулах боломжтой. (TheGuardians)

УЛС ТӨР

😵 Орхигдож, мартагдсан дууль: СЭМҮТ

Өнгөрсөн 7 хоногт гарсан харамсалтай хэргээс үүдэн монголчуудын сэтгэлзүйн асуудал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүртээмж, чанар олны анхаарлын төвд оров. Ер нь СЭМҮТ хэр хэмжээний хүчин чадалтай, төсөвтэй газар билээ? 

Тайлан, санхүү 

Шилэн данс дээрх мэдээллээс харахад, СЭМҮТ 2025 онд ₮28.8 тэрбумыг орлого ба тусламжаар төвлөрүүлэхээр төсөвлөсөн ч гүйцэтгэл нь ₮26.4 тэрбум буюу 91.7%-тай байжээ. Харин зардал ба цэвэр зээлийн жилийн төсөв нь ₮29 тэрбум, гүйцэтгэл нь ₮26.3 тэрбум буюу 90.7%-тай байсан аж.

  • Алдагдалтай: Товчхондоо СЭМҮТ-тэй холбогдох төсөв мөнгөний тайлан нь 2023-2025 оны хооронд хязгаарлагдмал олдоцтой. Олдсон мэдээллийг нь харьцуулахад, тус байгууллага 2023 онд ₮2.6 тэрбум, 2024 онд ₮201.8 сая, 2025 онд ₮271.9 саяын алдагдалтай ажиллажээ. 

  • Ерөнхийдөө сүүлийн 3 жилд СЭМҮТ-ийн орлого 54.3%, зарлага 36.4% тус тус өссөн. Хачирхалтай зүйл нь тэнцвэржүүлсэн тэнцэл буюу дээр дурдсанчлан 3 жил алдагдалтай ажилласан хэр нь гүйцэтгэл нь түүнээс асар бага байгаа явдал. Тухайлбал, 2025 оны жилийн төсөв ₮271.9 саяын алдагдалтай гарсан хэр нь гүйцэтгэл нь ₮51.7 саяын ашигтай гарах жишээний. 

Лав л сүүлийн 3 жилд СЭМҮТ-ийн төсвийн зарлагын гүйцэтгэл 2023 онд 94.3%, 2024 онд 86.1%, 2025 онд 90.7%-тай буюу дутуу ашиглалттай харагдаж байна. 

Тайлангаа буруу тайлагнасан уу аль эсвэл төсөв нь тасалдсан уу, ямартай ч их сонирхолтой тайлантай газар юм. Уг дата мэдээлэл үнэн, зөв бол СЭМҮТ-д ногдож байгаа ₮28.8 тэрбум нь Эрүүл мэндийн яамны төсвийн ердөө 1.6% гэсэн үг. Нэмэгдээд, нэмэгдээд 2025 онд салбарынхаа нийт төсвийн 1.6%-ийг дөнгөн данган хүртдэг болсон нь энэ.  

Нөхцөл байдал

Гэтэл одоог болтол СЭМҮТ 1968 онд ашиглалтад орсон хуучин байгууламжид 550 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй. Нийт орных нь 41.8% буюу 230 гаруйг урт хугацаагаар, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд эзэлдэг гэнэ. Үүнээс ч асуудалтай зүйл нь тус эмнэлэгт 80 гаруй эмч ажиллаж байна. Ороор нь тооцоход л 1 эмчид 6 ор ногдож буй. Үүн дээр гадуур эмчлүүлдэг, амбулаторийн өвчтөнүүдийг оруулбал хэд ч болох юм. 

Төгсгөлд нь, Монголд 10 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй, 3 хүүхэд тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх судалгаа бий. Угтаа 2024-2027 онд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж байдаг юм байна. Өндөр дүнтэй төслүүдийн зах зухаас нь дурдахад, монголчуудыг архинаас гаргахад ₮4.6 тэрбум буюу жил бүр ₮1.2 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Зуун дамжсан СЭМҮТ-ийн хөгцөрсөн барилгаас эхлээд хүний нөөц, дотоод асуудал, үе үеийн дарга, сайд нарын гол ажил болчихдог галлагааны уурын зуухаа төв шугамтай холбох гэхчлэн асуудлууд хоолойнд тулсаар. Бараг л сэхээнд орчихсон нөхцөл байдалтай байна даа.

ТЕХНОЛОГИ

🧑‍⚕️ Халаасны зөвлөх: ChatGPT Health

Өнгөрсөн 7 хоногт OpenAI ChatGPT Health буюу эрүүл мэндэд тусгайлан зориулагдсан шинэ функцээ танилцууллаа

  • ChatGPT Health-ийг одоохондоо зөвхөн Америкт л ашиглах боломжтой байгаа бөгөөд хүлээлгийн жагсаалтад нь ЭНД дарж бүртгүүлэх боломжтой юм байна. 

Сонжъё, сонирхъё

ChatGPT Health-ээс ч өмнө дэлхий даяар маш олон хүмүүс ChatGPT-ийг эрүүл мэндийн холбогдолтой асуултаар бөмбөгдөх, шинжилгээний хариугаа хянуулах, тайлбарлуулах зорилгоор ашиглаж ирсэн. Гол ялгаа нь GPT Health дээр таны эрүүл мэндийн мэдээлэл, харилцан яриа тусдаа хадгалагдах буюу AI сургахад ашиглахгүй юм байна. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал талаасаа бол шат ахисан хэрэг. 

  • Хамтын уран бүтээл: Нэмээд 60 гаруй орны 260 гаруй эмч нартай хамтран бүтээсэн гэх утгаараа өмнөхөөсөө илүү мэргэжлийн, нарийвчлалтай хариулт өгөх нь ээ.

  • Хязгаарлалт: Гэхдээ GPT Health хэрэглэгчдэд зөвхөн туслах, танин мэдэхүйн мэдээлэл л өгөх зорилготой тул эмч шиг онош тавих, эмчилгээ бичиж өгөхгүй шүү. 

Цаашлаад, хамгийн гоё нь Apple Health, MyFitnessPal, Function зэрэг эрүүл мэнд, фитнес апп-уудыг холбох боломжтой аж. Ингэснээр хэрэглэгчийн бодит цагийн болон өмнөх эрүүл мэндийн мэдээлэл, түүх дээр тулгуурлан зөвхөн танд зориулагдсан хувийн зөвлөгөө өгдөг болж байгаа гэнэ. 

OpenAI эрүүл мэндийн салбарт хүч үзэх үү? 

Дэлхийн эрүүл мэндийн зах зээл $10 их наяд буюу дэлхийн нийт ДНБ-ий 10% орчмыг бүрдүүлж буй маш том зах зээл. Энэ ч утгаараа OpenAI энэ том зах зээлд хөл тавих эхний алхмаа бодитоор хийлээ. Тэд зөвхөн эрүүл мэндийн чиглэлд 230 сая хэрэглэгчийн баазыг бүрдүүлж чадсан буюу бизнесийн алхмаа хийхээс ч өмнө хэрэглэгчийн баазаа үүсгэчихсэн. 

  • Тухайлбал, ChatGPT хэрэглэгчдийн 4 хүн тутмын 1 нь 7 хоног бүр дор хаяж 1 удаа эрүүл мэндтэй холбогдолтой асуулт асуудаг. Энэ ч утгаараа GPT-ийн хамгийн эрэлттэй сэдвүүдийн нэг нь эрүүл мэндийн сэдэв юм. Өдөрт 40 сая хүн GPT-ээс эрүүл мэндийн асуулт, зөвлөгөө авдгаас цар хүрээ нь хэр өргөн вэ гэдгийг харж болно. 

Ер нь ChatGPT Health-ийг дан ганц зөвлөгөө өгөх чатбот гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл шүү. Тус функцийн ирээдүйг маш өөдрөгөөр төсөөллөө гэхэд ойрын ирээдүйд телемедиц буюу алсын зайн үзлэг, оношилгоо, корпрэйтүүдийн эрүүл мэндийн оношилгоо гэхчлэн өргөн хүрээнд ашиглах боломжтой. Галзуу.  

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

or to participate

Таньд санал болгох

No posts found