TOGETHER WITH

Rise and shine! Эрүүл мэндийн даатгалын сан урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд ₮66.4 тэрбумын ашигтай ажилласан байна. Тус хугацаанд орлого нь 13% өсөж ₮2.2 их наяд, зарлага нь 7.7% өсөж ₮2.2 их наядад хүрчээ. Сангийн баланс ашигтай гарсан ч төсөв тасарсан гээд даатгалаар хөнгөлөлттэй эм авах боломжгүй дээрээ тулж байсан даа. Маш сонирхолтой. 🤔
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
Бизнес: OpenAI хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэхээр Torch хэмээх эрүүл мэндийн технологийн стартапыг $60–$100 сая орчимд худалдан авлаа. (SiliconAngle)
Хөрөнгө оруулалт: MRI дүрсийг AI-р боловсруулдаг программ хангамж хөгжүүлэгч Vista AI компани $29.5 саяын хөрөнгө татжээ. (Vista)
Анхаар: AI–тай хуваалцаж буй эрүүл мэндийн мэдээлэл аюулгүй юу? (BeCuriousNotJudgmental)
СТАТИСТИК
👶🔻 Төрөлт түүхэн доод түвшинд хүрлээ!

ZME Science
2025 онд улсын хэмжээнд 53.7 мянган эх амаржиж, 54.1 мянган хүүхэд хорвоод мэндлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3% буурсан үзүүлэлт төдийгүй төрөлт 2 дахь жилдээ дараалан түүхэн доод түвшинд хүрлээ.
Төрөлт бууралттай, нас баралт нэгэн жигд
Ерөнхийдөө 2008 оноос хойш Монгол Улсад жилд төрөх хүүхдийн тоо тогтмол 60 мянгыг давдаг байсан бол 2024 онд анх удаа босго давж чадалгүй бүдэрсэн байдаг. Уг бууралт 2025 онд ч үргэлжилснээс харахад ирээдүйд жилд төрөх хүүхдийн тоо 50 мянга руу буурах эрсдэлтэй байна.
Тэртээ 2014 он бол Монголын үрс маш олон болтугай гэх ерөөл биежиж, хамгийн олон буюу 82.8 мянган хүүхэд төрж байжээ. Харамсалтай нь түүх болон үлдэх төлөвтэй.
Хүн амын өсөлт удаашрах уу?
Нөгөө талд нас баралт 17-18 мянгад тогтмол хадгалагдаж байхад, төрөлт эрчимтэй буурсны улмаас ердөө 7 жилийн дотор хүн амын өсөлт 1.6 дахин буурчхаад байна. ҮСХ 2 жилийн өмнө хүн ам 2033 онд 4 сая, 2047-2048 онд 5 саяд хүрнэ гэх төсөөлөл гаргасан. Гэсэн ч төрөлт энэ эрчээрээ таамаглахын аргагүй хурдтай буурвал 4 саяулаа болох хугацаа хойшилно л гэсэн үг.
Монгол хүүхдүүд дунджаар хэдэн кг жинтэй төрдөг вэ?
Харин одоо төрөлттэй холбоотой илүү нарийвчилсан статистик танилцуулъя. Монголд төрж буй хүүхдүүд дунджаар 3–4 кг жинтэй мэндэлдэг. Сүүлийн 7 жилийн статистикаас харахад, 2.5 кг-аас бага жинтэй буюу дутуу төрсөн хүүхдүүд нийт төрөлтийн 4%–5%-ийг эзэлжээ. Хэдий бага тоо мэт харагдах ч анхаарал татахуйц зүйл нь төрөлт буурч байгаа энэ үед дутуу төрсөн хүүхдийн эзлэх хувь буурахын оронд харин ч өсөх хандлага ажиглагдав.
Үүнтэй зэрэгцэн, амьд төрсөн хүүхдийн 0.6%–0.8% нь төрөлхийн гажигтай төрдөг аж. Нэг үгээр ихэнх жирэмслэлт хэвийн явагдаж байна. Тоогоор илэрхийлбэл 1,000 хүүхэд тутмын 6–8 нь төрөлхийн гажигтай төрдөг бол 99% нь эрүүл мэндэлж байна.
Төгсгөлд нь дэлхий нийтээр төрөлт буурч байгаа ч 3.5 сая хүн амтай, асар цөөхүүлээ улсын хувьд хүн ам зүйн бодлогоо нийгэм, эдийн засгийн бодлогоор алхам тутамд дэмжиж байх нь чухал. Гэтэл хөрсөн дээр төлж байгаа даатгалынхаа ч үр шимийг хүртдэггүй, өвдөх эрхгүй хэцүүхэн л байгаа даа.
ОЛОН УЛСАД
🫵 Доналд Трампын агуу төлөвлөгөө

MedPageToday
Өнгөрсөн 7 хоногт Доналд Трамп америкчуудын эрүүл мэндийн зардлыг эрс бууруулах зорилгоор “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-гөө танилцууллаа.
Яаж, хэрхэн?
Ялангуяа эмийн үнэ болон даатгалын төлбөрийг бууруулах чиглэлд Доналд Траммп хэд хэдэн томоохон амлалт өгөөд амжсан. Тухайлбал, зарим эмийн үнийг 80%–90%, зарим тохиолдолд 300%–500% хүртэл бууруулж, энэ сараас эхлэн Trumprx.gov сайтаар хямд үнээр эм авах боломжтой болгохоо мэдэгдэв.
Даатгалын шимтгэлийг бууруулах
Цаашлаад, 2010 онд батлагдаж байсан Барак Обамагийн “Obamacare” хуулийг даатгалын компаниудыг халаасыг зузааруулах системтэй угсрагдсан хэмээн шүүмжилж, даатгалын компаниудад өгдөг Засгийн газрын татаас, төлбөрийг зогсоон оронд нь шууд иргэдэд олгох аж. Нэг ёсондоо Засгийн газар татаасаа иргэдийн нэрийн дансанд шууд байршуулж, иргэд даатгалаа өөрөө сонгох боломжтой болох юм байна.
Даатгалын шимтгэлийг бууруулахын хажуугаар даатгалын компаниуд иргэдийн даатгалын хүсэлтийн хэдийг зөвшөөрсөн болон татгалзсан харьцааг ил тод тайлагнуулахаар тусгажээ. Хэрэв мэдэх болох Америкийн эрүүл мэндийн даатгалын компаниуд иргэдийн даатгалын хүсэлтийг түдгэлздэгээрээ алдартай.
Мөн даатгалаас гадна эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний үнийн мэдээллийг ил болгохын тулд бүхий л үйлчилгээний төлбөрөө олон нийтэд ил тод мэдээлэлдэг болгохоор шахах нь ээ.
Доналд Трампийн уг төлөвлөгөө Конгрессоор орж, батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ. Гаднаас нь харж суугаа бидний хувьд асар том шинэчлэл, үнэхээр л нэрдээ таарсан агуу төлөвлөгөө мэт харагдаж болох ч Доналд Трампийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжих нь тодорхой бус, поп төлөвлөгөө гэх хэсэг ч байна.
Гэсэн хэдий ч даатгалын компаниуд иргэдийн хүсэлтийг маш өндөр хувьтай түдгэлзүүлдэг асуудлыг шийдэж байгаа нь маш том ахиц болох нь лавтай. Юутай ч Конгресс батлах эсэхийг нь харж л сууя.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.
