TOGETHER WITH

Шинэ он гарахад 2 хоног үлдлээ. Жил тойроод л байнга нүдүүлж байдаг эрүүл мэндийн салбарынхаа ахиц, дэвшлийг эргэн нэг санацгаая. Тойм мэдээ тул тухалж байгаад уншаарай. 🤗

2025 оныг ерөнхийлөн базахад… 

  • Ex VS Next-н хэрүүл: Т.Мөнхсайхан болон Ж.Чинбүрэн нарын томоохон маргаан. 

  • Сайд солигдов: Өнгөрсөн 6-р сард эвслийн засгийн газар бутарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн шинэ сайдаар Ж.Чинбүрэн томилогдов.

  • Цалин нэмэгдэнэ: Эрүүл мэндийн сайд эмч нар ажил хаялтыг ирэх жил цалинг нь ₮3 саяд хүргэх амлалтаар зогсоов

  • Халаасны амлалт: Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цагийн хөлсөнд ЗГ-ын нөөц сангаас ₮1 тэрбум,  урвалж оношлуур худалдан авахад ₮400 саяыг тус тус гаргахаар болов

  • Төсөв тасрав: 9-р сараас эхлэн эрт илрүүлгийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаанд тасарсны сацуу ЭМД-аар эмийн сангаас хөнгөлөлттэй ам авах боломжгүй болов

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ  

#1 Интермед x Японы IUHW группийн 10 жилийн түншлэл  

Tenor

Интермед эмнэлэг болон Япон Улсын IUHW групп ирэх 10 жилд стратегийн түвшинд хамтран ажиллахаар болоод буй. 12 сарын 25 буюу өнгөрсөн Пүрэв гарагт талууд хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн байна. Хамтын ажиллагааны үр дүнд тэд Япон стандартын оношилгоо, эмчилгээ, менежментийн технологийг Монголд нутагшуулахаар төлөвлөжээ. 

#2 Монгол x Өмнөд Солонгосын ампулын үйлдвэр

Монгол болон Өмнөд Солонгосын хамтарсан ₮33 тэрбумын өртөг бүхий MDM тарилгын шингэний үйлдвэр энэ онд ашиглалтад орсон. Тус үйлдвэр нь Мөнхийн Тун ХХК, Монгол Эм Импекс Концерн ХХК болон Өмнөд Солонгосын DongKoo Bio&Pharma-ийн хөрөнгө оруулалтаар сүндэрлэж, жилд 20 гаруй нэр төрлийн 40 сая ширхэг тарилгын эмийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болов. 

  • Нэгэнт эмийн зах зээл рүү орсных ирэх жил $1.8 саяын хөрөнгө оруулалт бүхий эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори ашиглалтад орох гэж буйг сануулах нь зүйтэй болов уу. Тус лаборатори ашиглалтад орсноор жилдээ 5,000-7,500 орчим сорьцод шинжилгээ хийх боломжтой болно. Одоогоор Эм шинжлэх лаборатори түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, жилд 2,500 орчим сорьцод шинжилгээ хийж буй. 

#3 EBRD x Эрүүл мэндийн яам

Өнгөрсөн 10-р сард Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) Эрүүл мэндийн яаманд Улаанбаатар хотод 120 ортой зүрх судасны нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтээн байгуулалтад $34.9 сая хүртэлх санхүүжилт олгохоор болсон билээ. Үүний $28.1 саяыг нь Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хамтран санхүүжүүлэх аж. 

#4 Улсын III төв эмнэлгийн ₮1.7 тэрбумын хөрөнгө оруулалт

Улсын III төв эмнэлэг өөрийн төсвийн санхүүжилт болон Хүрээ ротари клубийн хандив тусламжаар Тархины гүний хавдар болон тархины усжилтын мэдрэлийн мэс заслын дурангийн чиглэлийн ₮1.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. 

Технологи

#1 Carecheck

CarePay

Өнгөрсөн 10-р сард болсон Эрүүл мэндийн экспогийн үеэр CarePay өөрсдийн хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан оношлуур болох Carecheck-г танилцуулсан. Тус AI нь нүүр таних технологийн тусламжтайгаар эрүүл мэндийн 27 үзүүлэлтийг 90%-95%-ийн нарийвчлалтай оношлох чадвартай AI юм. Нууц задлахад ирэх жил сүрьеэгийн эрт илрүүлгийг ердөө утсаараа оношлох боломжтой болно гэсэн шүү. 

#2 Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн сан

Өнгөрсөн 11-р сараас эхлэн иргэд анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлгийн цагийг E-Mongolia-р захиалах боломжтой болсон. Өдгөө Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд улсын хэмжээн дэх 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас талаас дээш буюу 486 нь холбогдсон байгаа юм. 

  • Сонирхолтой тоо: E-Mongolia-д байршиж буй нийт цахим үйлчилгээний 21.6%-ийг эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж буй. Ирэх 5 жилийн Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар бол ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарын цахимжилт эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа юм. 

Хэдий Эрүүл мэндийн даатгалын сан сүүлийн 10 жил алдагдлаараа овоглуулж, муу нэртэй, луу данстай яваа ч 2025 онд өөрийн гэсэн AI-тай болсон шүү. Шимтгэл болон бусад мэдээллийг сангийн AI агентаас харах боломжтой. Ирэх жил хөгжүүлэлтийг сайжруулж, жинхэнэ утгаараа хэрэглээнд орно гэж найдъя.  

УЛСЫН ЭМНЭЛГҮҮД 2025 ОНД

#1 Хавдар судлалын үндэсний төв - Робот мэс засал

ZME Science

Өчигдөрхөн Хавдар судлалын үндэсний төв Монголд анх удаа робот мэс заслын эмчилгээг амжилттай гүйцэтгэж, тус төрлийн мэс заслыг гүйцэтгэж буй дэлхийн 70 дахь орон боллоо. Робот мэс заслын эмчилгээг нэвтрүүлэхдээ Өмнөд Солонгосын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажилласан төдийгүй мэс заслын бэлтгэл ажил 3 жил үргэлжилсэн гэдэг.

#2 ЭХЭМҮТ - Нярайн зүрхний нээлттэй тасаг

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 10-р сард зүрхний нээлттэй мэс заслын тасгаа нээж, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх боломжтой болов. ЭХЭМҮТ-д тус тасаг нээгдсэнээр гадаадад $15,000–$40,000-оор хийгддэг байсан хагалгааг дотооддоо, даатгалаар үнэ төлбөргүй хийж буй. 

  • Нярайн зүрхний хүнд гажиг дотоодод эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтад ордог. Эргэн сануулахад Монгол Улс 2024 онд анх удаа ЭХЭМҮТ болон Улсын III төв эмнэлгийн эмч нар хамтарч нярайн зүрхний нээлттэй мэс заслыг хийсэн билээ. 

#3 Улсын III төв эмнэлэг - Мэдрэл, зүрх судасны мэс заслын шинэ технологиуд

Оны босгон дээр Улсын III төв эмнэлэг 5 мэдрэлийн мэс заслын 5 дэвшилтэт технологийг бүрэн нутагшуулснаа тайлагнасан юм. Үүнд, 

  • Тархины гүний хавдрыг дурангаар авах мэс засал

  • Харвалтаас сэргийлэх гүрээний судасны мэс засал (CEA)

  • Хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс засал

  • Тархины цусны урсгал сэргээх High-Flow Bypass мэс засал

  • Эпилепси буюу уналт таталтын үеийн мэс заслын технологи тус тус багтаж буй. 

Цаашлаад, зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг анх удаа амжилттай нутагшуулсан байна

  • Зүрхний өөрийн хавхалгыг хадгалж засах мэс засал

  • Хүүхдийн зүрхний хавхалгын “Бо-Ян” техник

  • Цээжийг бүрэн нээхгүйгээр митрал хавхалгыг жижиг зүслэгээр солих мэс засал

  • Зүрхний халдварын үед минимал инвазив мэс засал

Мөн тус эмнэлгийн эмч нар нүдний даралт ихсэх өвчний мэс заслыг нэвтрүүлж, дотоодод хийж эхэлсэн шүү. 2025 он Улсын төв III эмнэлгийхний хувьд нэлээд завгүй жил болж өнгөрсөн бололтой дог шүү. 💖

БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

2030 он - Сүрьеэгүй Монгол

Өнгөрсөн 10-р сард Монгол Улс 2025-2028 он хүртэл "Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөө"-гөө эцэслэн боловсруулж, албан ёсоор танилцуулсан юм. Тус чиглэлд ДЭМБ-тай хамтран ажиллах бөгөөд үндэсний стратегийн төлөвлөгөөгөө ахин боловсронгуй болгосноор 2030 он гэхэд Монгол Улс сүрьеэ гэх өвчнийг түүх болгон үлдээх амбицтай зорилт тавиад буй. 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ий 5%-д хүргэнэ

  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн сайдаар томилогдвол ХИЧЭЭНЭ

Энэ хүрээд эрүүл мэндийн салбарын 2025 оны онцлох үйл явдлыг тоймлож дууслаа. Уг нийтлэлд дурдагдсан ажлууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүндийг үүрч яваа эмч, эмнэлгийн ажилчдын нүр их хөдөлмөрийн ердөө нэгээхэн хэсэг юм шүү. Гэсэн ч ирэх жилүүдэд бидэнд сангийн алдагдлаа хэрхэн багасгаж, ашигт ажиллагаа руу нь оруулах, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг яаж бодит жишигт хүргэх, орны хүртээмжээ хэрхэн нэмэх гэхчлэн шийдэх ёстой, тулгамдсан маш олон асуудал байгаа гэдгийг сануулахад илүүц биз. 

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх жил уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

or to participate

Таньд санал болгох

No posts found