Ахиад л Даваа гараг… Ажлын өдрөө ийм бодолтой эхлүүлдэг хэр олон хүн байна? Сонирхолтой нь Даваа гаргийн өглөө хүний кортизолын түвшин амралтын өдрийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өсдөг аж. Учир нь маргааш ажилтай гэх бодол стрессийг өдөөж байдаг гэнэ ээ. Даваа гаргаа хүндхэн мэдрэмжтэй эхлүүлж байхгүйн тулд амралтын өдөр сайн амарч байгаарай. 😉
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
УЛС ТӨР
🤔 Эрүүл мэндийн сайд нар: Хэн, юу хийв?

Хамгийн сайн ажилласан Эрүүл мэндийн сайдыг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?
Хүн нь тогтож өгдөггүй суудал
Өнгөрсөн 26 жилд буюу Монгол Улсын эрүүл мэндийн салбарын орчин үеийн түүх эхэлсэн цагаас хойш 16 сайд, дунджаар 1.7 жил уг салбарыг удирдаж ирсэн. Харж байгаачлан сайдын албан тушаал тогтворгүй, суугаад л өндийдөг суудал тул мэддэг, чаддаг мэргэн нэгэн байсан ч цогц шинэчлэл хийх боломжгүй нөхцөлдөгчтэй. Гэсэн хэдий ч мэдээж хийсэн ажилтай хүмүүс бий. Тэднээс эхэлье.
П.Нямдаваа: 1991-1996, 2000-2004 он
Шилжилтийн үеийн суурийг тавьсан сайд
Эрүүл мэндийн сайд агсан П.Нямдаваа нь эрүүл мэндийн шинэчлэлийн хамгийн эгзэгтэй үеийг удирдсан нэгэн. Тэрбээр сайдаас гадна Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд түүний үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталж, Монголын Анагаах ухааны академи байгуулагдаж байжээ. Цаашлаад, Монгол Улс Дэлхийн вакцин ба дархлаажуулалтын холбоо (GAVI)-той хамтын ажиллагаа эхлүүлж, дархлаажуулалтын хамрагдалтыг дээшлүүлсэн. Мөн ДЭМБ-тай хамтран томуугийн тандалтын сүлжээг байгуулсан бөгөөд хожим нь тус сүлжээ Ковид-19-ийн бэлэн байдлын суурь болсон гэдэг.
С. Ламбаа: 2008–2012 он (2 удаа томилогдсон)
Салбарын бус ч системийн шинэчлэл хийсэн сайд
2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, эчнээ 2016 онд 3 сар томилогдсон ажилласан түүний хувьд улсын болон орон нутгийн эмнэлгүүдийг төвлөрсөн удирдлагаас салгаж, өөрсдөө санхүү, үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлэх боломжтой болгож байсан нэгэн.
Улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг задалж, мэргэшсэн төв болгоход анхаарч ажиллаж байв. Түүнийг мэргэжлийн бус нэгэн хэр нь системийн шинэчлэлийг хамгийн үр дүнтэй хийсэн нэгэн хэмээдэг.
Мөн орон нутгийн эмнэлгүүдийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч, орон нутгийн эмч нарын тогтвор суурьшлыг дэмжих тэтгэмжийн хэмжээ 2010 онд ₮246 сая байснаас 2012 онд ₮15.8 тэрбум болтлоо өсөж байжээ.
Бусад сайд нар
16 сайдаас 4 сайд нь 2 жил орчим ажилласан бөгөөд Т.Ганди эх, хүүхдийн эрүүл мэнд, Н.Удвал анхан шатны тусламжийн хүртээмж, А.Цогцэцэг элэгний В, С вирусийн хяналтыг өргөжүүлэх гэхчлэн өөр өөрийн мэргэшсэн байдал болон тухайн үеийн эрэлт шаардлагаар төрөл бүрийн асуудалд төвлөрч ажиллажээ. Цаашлаад, 9 сайд 1 болон түүнээс доош жил буюу ажилтайгаа танилцаж амжаад л солигдсон юм даа.
Харин Ковид-19-ийн үеэр ажилласан 3 сайд нарын хувьд салбарын бусад анхаарал хандуулах боломж ч гаралгүй цар тахлын хяналт, вакцинжуулалтын асуудалтай зууралдсаар байгаад л солигдсон. Тэднээс 1 нь төрийн хатан эрдэнээр өргөмжлөгдөж, нөгөө нь ДЭМБ-ын санхүүжилтийг завшсан хэрэгт холбогдсон.
Эцэст нь… Сайд нараас хамгийн ахицтай, бодит ажил хийсэн хүмүүсийн нийтлэг 1 шинж нь ядаж 2-оос дээш жил тогтвортой ажилласан байгаа нь. Гэтэл одоогийн дундаж хугацаа болох 1.7 жилд эмнэлгийн барилга барих, хуулийн хэрэгжилтийг хянах, сургалтын тогтолцоо байгуулах гэхчлэн бодит шинэчлэл авчрах ямар ч ажлыг дуусгах боломжгүй. Тогтвортой удирдлага, бодлогын залгамж халааг ярьдаг, шаарддаг болмоор байна аа!
ОЛОН УЛСАД
🐣 Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Giphy
Сүүлийн жилүүдэд барууны орнуудад “Gentle parenting” буюу хүүхдээ зөөлөн аргаар хүмүүжүүлэх арга барил эрчимтэй дэлгэрч байгаа ч харамсалтай нь эхнээсээ бүтэлгүйтэх нь бүтэлгүйтэж, сүүлдээ хүмүүжүүлэхээс халшрах хандлагатай болжээ.
Gentle parenting гэж юу вэ? Уг ойлголт нь хүүхдийг айлгах, шийтгэх, хүчээр хүмүүжүүлэх гэхчлэн өмнөх үеийнхний хүүхдээ хүмүүжүүлж ирсэн хатуу гэж хэлж болохуйц арга барилыг сөрөн гарч ирсэн ойлголт бөгөөд хүүхдийг хүндэлж, ойлгох гэхчлэн эмпати дээр суурилсан хүүхэд хүмүүжлийн арга барил юм.
Чухал орц: Хил хязгаар + хүндлэл
Яг үнэндээ, бодит байдал дээр "Gentle parenting" нь уламжлалт хүүхэд хүмүүжлийн аргаас тасарчихсан дэвшилтэт арга ч биш. Ялгаатай зүйл нь хүүхдээ бяцхан гэлтгүй хүндлэлтэй харилцдаг байх л тухай. Гэтэл үүнийг хэт туйлшруулж, эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв хил хязгаар тогтоон, үйлдэл бүр чинь эерэг ч бай, сөрөг ч бай үр дүн авчирна гэдгийг ойлгуулж чадахгүй байгаа төдийгүй үүнээсээ болж халшрах хандлага ч түгээмэл болж буй.
Бар ээж: Харин нөгөө талд авторитар хүмүүжлийн арга барил хүүхдийн зан төлөв, сурлагад хамгийн үр дүнтэй гэх судалгаа ч байдаг. Нэн ялангуяа Ази эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавьдаг өндөр шаардлага, хяналт тавьдагтай холбоотойгоор PISA, TIMSS зэрэг олон улсын шалгалтуудад Зүүн Азийн орнууд өндөр үзүүлэлт гаргаж ирсэн.
Ер нь тэгээд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг 1+1=2 гэдэг шиг энгийн, тодорхой томьёо байсан бол гоё л байна. Ядаж байхад сүүлийн үед дэлхий даяар янз, янзын л арга барил дэлгэрэх болж. Харин таны хувьд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим, арга барил баримталж байна? Хуваалцаарай.
For the business side of healthcare
Before the first meeting. Before the inbox chaos. Before a deal reshapes the room.
Healthcare Brew’s free newsletter delivers the business news shaping healthcare—covering hospital operations, pharma pricing, and everything in between—so you have the context behind the headlines when it counts.
Built for healthcare professionals whose work touches budgets, deals, and strategy.
ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

