TOGETHER WITH

Мэдсэн үү? Монгол болон Энэтхэг хавдрын тусламж, үйлчилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Эрүүл мэндийн хөгжлийн төв, Энэтхэгийн Apollo Hospitals Enterprise-тай санамж бичиг байгууллаа

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Шинжлэх ухаан: AI ч хуулбарлаж чадахгүй хүний тархины хамгийн чухал чадвар. (SciTechDaily)

  • Маргаан: Johnson & Johnson-ийн хүүхдийн нунтаг тальк өндгөвчний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй юу? (ABCNews

  • Судалгаа: Тогтмол бяслаг идэх нь зөнөх эрсдэлийг бууруулдаг. (MedicalNewsToday)

СТАТИСТИК

👨‍⚕️🏥 Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжил

Ирэх оноос эхлэн Улсын II төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг, бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэх мэс засал хийж эхлэх төлөвтэй байна. Ер нь манай улсад эрхтэн шилжүүлэх мэс засал хэр ахицтай явж байна?

  • Тус эмнэлэг 2022 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэн ажлаа хийсээр энэ оны 3-р сард анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийж, өдийг хүртэл 5 хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгажээ. 

Нөхцөл байдал

Хэдий Монгол Улс тэртээ 2000 онд “Донорын тухай хууль”-ийг анхлан баталж, 2012, 2018 онуудад шинэчилж байсан ч 2022 оны нэмэлт өөрчлөлтийн дараагаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 5.8 дахин өссөн байдаг. Анх 2006 онд дотооддоо бөөр амжилттай шилжүүлэн суулгаж байсан бол 2022 оноос хойш эрхтэн шилжүүлэх мэс заслын тоо жилдээ 100 давах болов. Цаашлаад, 2006-2024 оны хооронд нийт 852 эрхтэн шилжүүлэн суулгасны 55.3%-ийг элэг, 44.7%-ийг бөөр эзэлжээ. 

  • Зураглал: Сонирхуулахад, Монгол Улсад хийгдэж буй эрхтэн шилжүүлэн, суулгах мэс заслын 89.9%-ийг амьд донор бүрдүүлж буй. Амьд донорын оролцоо өндөр байдаг шалтгаан нь хуулиараа зөвхөн гэр бүлийн гишүүнийг амьд донороор хүлээн зөвшөөрдөгтэй холбоотой. 

  • Харин олон улсад яг эсрэгээрээ буюу 70%–90% нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал зонхилж байна. 

Статистик харвал, 2018–2024 оны хооронд тархины үхэлтэй 292 боломжит донор байснаас 31 нь л бодитоор донор болжээ. Өөрөөр бол Монгол Улсын амьгүй донорын ашиглалт ердөө 10% хүрэхтэй үгүйтэй байгаа юм. 

Эрхтэн шилжүүлэх мэс засал хийж буй эмнэлгүүд 

Өнгөрсөн оны байдлаар II эмнэлгээс гадна 9 эмнэлэг Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Үүнээс Улсын I төв эмнэлэг хамгийн том буюу бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс, судас, шөрмөс шилжүүлэн суулгаж байгаа бол Хавдар судлалын үндэсний төв элэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв элэг болон үр шилжүүлэн суулгаж байгаа. 

  • Харин хувийн хэвшлийн 1 эмнэлэг нүдний эвэрлэг, 1 эмнэлэг үүдэл эс, 4 эмнэлэг үр шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. 

Энэ дундаас Улсын I төв эмнэлэгт хийгдэж буй элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн, суулгах мэс заслын амьдрах чадвар 1-3 жилд 90%-иас дээш байгаа нь анхаарал татаж байв. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал чамлахааргүй хэмжээнд хөгжиж байна. Гэсэн ч амьгүй донорын оролцоо, зохицуулалт, тандалт сул байгааг анхаарах хэрэгтэй. 

ОЛОН УЛСАД

😧 FDA тестостероны эмчилгээнд буулт хийх үү? 

Өнгөрсөн Пүрэв гараг буюу 12 сарын 11-нд FDA-ийн мэргэжилтнүүдийн зөвлөх хорооны уулзалтаар, эрэгтэйчүүдэд тестостероныг нөхөн сэргээх, нэмэгдүүлэх эмчилгээнд тавьдаг хатуу зохицуулалтаа сулруулах талаар сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө

  • TRT - Testosterone Replacement Therapy: FDA тус төрлийн эм, тариаг мансууруулах, донтолт үүсгэх эмийн ангилалд хамааруулж, маш хатуу зохицуулалт тавьдаг. Гэтэл нөгөө талд сүүлийн 5 жилд АНУ-д тестостерон дааврыг нөхөн сэргээх, нэмэгдүүлэх эм, тариа залуусын дунд яг л Ozempic шиг алдаршиж, баталгаагүй эм, тариа хэрэглэх нь ихэсжээ. 

Эрэгтэйчүүд ч гэсэн хөгшрөлтөөс айдаг!

30 наснаас эхлэн эрэгтэйчүүдийн тестостерон даавар жил бүр 1% буурч эхэлдэг. Хөгшрөлтөөс гадна өвчин, стресс, зарим төрлийн эмчилгээнээс үүдэн тестостерон буурах нь олонтоо.  Гэтэл FDA одоогийн байдлаар зөвхөн генетикийн эмгэгээс үүдсэн тестостерон дааврын дутагдалд зориулсан гель, эм, наалт, тариаг хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Өөрөөр хэлбэл зөвхөн эмчийн жортой л худалдан авах боломжтой юм. 

  • Яагаад нөхөн сэргээх хэрэгтэй вэ? Нас явахын хэрээр тус дааврыг эм, тариагаар нөхөхөөс өөр аргагүй буюу бие махбодод хангалттай хэмжээгээр нийлэгжихээ больдог.  

FDA зохицуулалтаа сулруулснаар, TRT-ийг яс, зүрх судас, булчин сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэх боломжтой болох аж. 

  • FDA яагаад үүнийг ярьж эхлэв? Өдийг хүртэл TRT-ийг зүрхний шигдээс, харвалт, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж болгоомжилж байсан ч үүнийг клиник туршилтаар үгүйсгээд буй. Харин ч нөгөө талд тестостероны эмчилгээ эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх, таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутралыг бууруулж, улмаар насжилтыг нэмэгдүүлэх боломжтой байх нь. 

Дан ганц эрэгтэйчүүдийн гэлтгүй эмэгтэйчүүдийн гормоны эм, тариа дээрх FDA-ийн байр суурь өөрчлөгдөж байгаа. FDA эцсийн шийдвэрээ хэрхэн гаргахыг хүлээх л үдлээ. 

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Reply

or to participate

Keep Reading

No posts found