TOGETHER WITH

Care News-н товхимолд тавтай морил! 👋
Өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн салбарын ажилчид, ажил олгогчтойгоо арай гэж тохиролцоонд хүрснээр ажлаа хаях шаардлагагүй болов. Товчхондоо ₮3.5 саяын бараа хартал 410 шөнө унтаад сэрэх хэрэгтэй болов оо гэж…
Нэгэнтээ нэлээн удаан хүлээх болсон тул энэ удаагийн дугаараар эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийн талаар ярилцъя. 😌
ЭДИЙН ЗАСАГ
🤔 Эмч нарыг хаана илүү үнэлж байна вэ?

Монголын нөхцөлд эмч нарын хөдөлмөрийг хамгийн дажгүй үнэлж байгаа газар нь хувийн эмнэлгүүд л байна даа.
🤓 Хэдэн тоо харьцуулъя
Өнөөдрийн байдлаар улсын эмнэлгүүдэд ажиллаж буй эмч нар сарын хөдөлмөрөө ₮1.6 саяар үнэлүүлж байгаа. Харин нөгөө талд хувийн эмнэлгүүд эмч нараа ₮2.5-₮3.5 саяар үнэлж байгаа буюу тэд төр засгаас 2 дахин илүү хөдөлмөрийн үнэлгээний жишигтэй байна. Энэ бол ердөө л дундаж үзүүлэлт буюу ур чадвар, эрдэм мэдлэгээрээ цойлж буй эмч нар үүнээс ч өндөр үнэлэгдэх боломжтой. Нарийвчлан харвал,
11 сарын 15-ны байдлаар Zangia.mn дээр зарлагдсан хувийн эмнэлгүүдийн ажлын байрны зарыг харьцуулан харахад, эмч нарын үнэлгээ хамгийн багадаа ₮2.5 сая, хамгийн ихдээ ₮3.5 сая байв.
Харин сувилагчдынх ₮1.8-₮2.1 саяд хэлбэлзэж байна.
2 талд хөдөлмөрийн үнэлгээ асар зөрүүтэй байгаа учраас үдээс хойш нь хувийн эмнэлэгт ажилладаг улсын эмнэлгийн эмч нар ч олширч байгаа. Хэнийг буруутгах билээ…
🙄 Хувийн эмнэлгүүд хэрхэн аж төрж байна?
Сүүлийн 3 жилд ортой хувийн эмнэлгүүдийн тоо 14-өөр нэмэгдэж 2024 онд 229-д хүрчээ. Үүгээр тогтохгүй тус онд улсын хэмжээнд хэвтэн эмчлэх үйлчилгээнд 30,117 эмнэлгийн ор ашигласны 26.2%-ийг хувийн эмнэлгүүд бүрдүүлэх болов. Энгийнээр сүүлийн 10 жилд,
Хувийн эмнэлгийн ор 2,930-аар нэмэгдэж 8,192
Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 96.6 мянгаар нэмэгдэж жилдээ 238.7 мянгад хүрдэг болов.
Харж байгаачлан сүүлийн 10 жилд хувийн эмнэлгийн салбар дахь оролцоо мэдэгдэхүйц өсөлттэй явж байна. Гэсэн хэдий ор ашиглалт нь 48% буюу улсын дунджаас 16 нэгж хувиар бага байгаа юм. Харин нөгөө талд эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд буй I, II, III эмнэлгүүдийн ор ашиглалт 78.9% буюу улсын дунджаас талийчихсан үзүүлэлттэй яваа. Хэдий олон эмч нар ажиллаж байгаа ч улсын эмнэлгүүдийн ачаалал буурч байсан түүх ховор доо…
Хувийн хэвшилд байдаг, улсын байгууллагуудад байдаггүй тэр юу вэ?
Энэ бол үр ашигтай хүний нөөцийн бодлого. Ямар ч компани чадварлаг ажилтнаа урт хугацаанд ажиллуулахын тулд хамгийн түрүүнд цалин хөлс, орчин нөхцөлөөрөө татах гэж үздэг. Үүнийхээ хариуд тавьж буй шаардлагууд нь ч өндөр. Хувь нь ч бай, төр нь ч бай хүний нөөц, санхүүгийн гэхчлэн үр ашигтай бодлоготой байхгүй бол дотор нь ажиллаж байгаа хүмүүс л туйлдаад дуусдаг даа.
ОЛОН УЛС
🤩 Мөрөөдлийн цалинтай орнууд

Эмч нар ажиллаж, амьдрах улсаа өөрсдөө сонгох боломжтой байсан бол аль улсыг сонгох байсан бол? Цалингийн үзүүлэлтээрээ бол Швейцар №1 сонголт шиг харагдаж байна.
Гялс тайлбар: Энэ хэсгээс эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийн яриа дотоодоос хальж, гадаад руу орж байна шүү. 😌
Швейцарын эмч нар дэлхийд хамгийн өндөр буюу жилд $264 мянгыг цалингийн орлого болгон олж байна. Үүнийг цагаар тооцвол $127. Араас нь АНУ, Люксембург, Бермуд, Австрали гэхчлэн эмч нарын цалин хөлс нь цойлж буй 5 улсын жилийн дундаж цалин нь $240 мянга. Уг үзүүлэлт нь Монголынхоос 49 дахин өндөр буюу Монголд эмч нар жилийн $5,366, цагийн $2.6-оор үнэлэгдэж байна.
Зүрх зүсэм үзүүлэлт: Одоогийн цалингаар тооцоход, Монгол эмч нар эдгээр 5 улсын эмчийн 1 жилийн цалинд хүрэхийн тулд ойролцоогоор 45 жил ажиллах шаардлагатай байх нь ээ. Энэ тооцооллыг хийсэн миний зүрх ч дэлсээд, эмнэлэг бараадмаар санагдаж байна. 😣
⛓️ Тогтолцоо
Дээрх 5 улс бүгд өндөр орлоготой, хөгжингүй улсууд хэдий ч үүнээс гадна эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт нь эмч нарын цалинд ихээхэн нөлөөтэй. Швейцар гэхэд эрүүл мэнд гэлтгүй нийгмийн халамжийн үйлчилгээнүүд нь жигд, хүртээмжтэй гэдгээрээ алдартай. Гол онцлог нь даатгалаа төр, хувийн хэвшлийн хосолсон загвараар угсарч чадсан.
Харин АНУ-д хувийн хэвшлийнхний оролцоо, тэр тусмаа хувийн эрүүл мэндийн даатгал өндөр хөгжиж, эмч нарынх нь орлого ихэвчлэн тусгай мэс засал, нарийн мэргэжлийн үйлчилгээнээс бүрддэг аж.
Люксембургийн хувьд манайхтай нэлээн төстэй системээр ажилладаг буюу гол тулгуур нь Үндэсний Эрүүл Мэндийн Сан. Тус сан нь нийгмийн даатгалын шимтгэл, татвараар санхүүждэг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээгээ тодорхой хувиар хөнгөлдөг аж.
Үгүй тэгээд Монгол шиг төрийн оролцоо ихтэй орнууд ч дажгүй яваад болоод л байх юм. Эрх баригчид 2027 онд эмч нарын цалинг ₮3.5 сая болгохын тулд эхлээд ЭМД санг дээрэм, тонуулгүй болгох ёстой гээд нөхцөл заачихсан. Гэтэл нөгөө сангаас нь нэгхэн удаагийн шалгалтаар 550 удаагийн мөнгө завших оролдлого илэрчихсэн байдаг. Гаслантай юм даа.
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
Подкаст: Доналд Трампын нөлөө дэлхий эрүүл мэндийн салбарт… (TheLancet)
Судалгаа: Дэлхий даяар бамбай булчирхайны хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байна. (BBC)
Бичвэр: Буурал үс хавдрын эрсдэлийг бууруулдаг гэнэ үү? (Woman’sWorld)
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.
