TOGETHER WITH

Шинэ оны мэнд! Яг өдийд “Шинэ он, шинэ би” гэх үгийг түгээмэл сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинэ оны зорилтдоо ажил, карьер, санхүүгээс гадна өөрийн эрүүл мэндтэй холбоотой зорилт оруулсан уу? Ер нь бид санхүү, карьераа л төлөвлөдгөөс эрүүл байх, эрүүл амьдрахаа хэр төлөвлөдөг билээ?
Юутай ч 2026 онд таны төлөвлөгөөнд зайлшгүй байх хэд, хэдэн санааг ЭНД-ээс хараад аваарай. Санхүүгээ төлөвлөдөг шигээ эрүүл мэндээ ч төлөвлөж суръя. 💪
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
Хммм… 36 цаг мацаг баривал бие махбод ингэж өөрчлөгдөнө. (CasiCreativo)
Клиник туршилт: Энэ оноос эхлэн Фентанил хар тамхины эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэлнэ. (Wired)
Мэд: Аутизмтай хүмүүс дэлхий ертөнцийг хэрхэн хардаг вэ? (Autistica)
ЗӨВЛӨМЖ
💡 2026 оны эрүүл мэндийн онцлох трэндүүд

Хэрэв анзаарсан бол 2025 онд дэлхий нийтээр магнийн хэрэглээг хэзээ, хэзээнийхээс илүүтэй эрчимтэй судалсан, сурталчилсан жил байсан. Харин энэ жил тархины үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүнүүд трэнд болох төлөвтэй байгаа гэнэ ээ.
Учир бий…
Тодруулбал, Nootropics буюу ой тогтоолт, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах зориулалттай, “ухаалаг эм” гэж нэрлэгддэг нэмэлт бүтээгдэхүүнүүд хүчийг авах төлөвтэй байгаа. Уг төрлийн нэмэлтүүд нь зах зээлд хэдийнээ танигдсан, хэдэн арван жилийн турш худалдаалагдаж ирсэн ч сүүлийн жилүүдэд залуучууд, тэр тусмаа Z үеийнхний дунд нэлээд алдаршиж байгаа аж.
Уг төрлийн нэмэлт бүтээгдэхүүний хамгийн том жишээ нь Ashwagandha, L-theanine. Инээдтэй сонсогдож болох ч Z үеийнхний дунд алдаршиж буй шалтгаан нь сэтгэл хөдлөлөө удирдах.
Nootropics-н эрэлт хэр галзуу байх вэ гэдгийг 2030 он гэхэд ойролцоогоор $11 тэрбумын зах зээл болох тооцоолол гарснаас харж болно. Ер нь л ирээдүйд эмийн компаниуд Z үеийнхэнд зориулсан бүтээгдэхүүн, тэдэнд зориулсан тусгай маркетингаар бөмбөгдөх нь тодорхой.
Дижитал хяналт
Цаашлаад, ухаалаг төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн зорилгоор ашиглах тохиолдол эрчээ алдахгүй үргэлжлэх төлөвтэй байна. Дэлхий даяар хүмүүс эрүүл мэндийн үзүүлэлтээ тогтмол хянах, урьдчилан сэргийлэхийг илүүд үзэж, үүнийг хамгийн хялбараар шийдэж байгаа зүйл нь цаг, бөгж гэхчлэн зүүдэг төхөөрөмжүүд.
Statista-н тооцооллоор 2026 он гэхэд дэлхий даяар 1.2 тэрбум хүн ухаалаг цаг, ухаалаг бөгж тэргүүтэй төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн үзүүлэлтээ хянах зорилгоор ашиглах төлөвтэй байгаа юм.
Үүнд дан ганц сахрын түвшин, зүрхний цохилт, амьсгалын хэмнэлээ хянахаас гадна нойрны чанар, стрессийн түвшин гэхчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг хүмүүсийн тоо эрчтэй нэмэгдэхээр байна.
Эцсийн дүндээ эрүүл мэндийн алтан гурвалжин буюу чанартай нойр, шим тэжээллэг хүнс, дасгал хөдөлгөөндөө анхаарахад л болно гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж хэлээд л байгаа шүү. Зах зээл бол тасралтгүй гялалзаж, гялтганасан, сэтгэл татам маркетинг дээр л хөдөлж байдаг зүйл. Тэгэхээр нойр, хоол, хөдөлгөөндөө сайн байхад аяндаа болно доо. Бурмаа минь. 😮💨
УЛС ТӨР
🧪 Эд нийцлийн шинэ лаборатори

Өнгөрсөн Баасан гараг буюу 1 сарын 2-нд Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай ₮2 тэрбумын санхүүжилтийг шийдвэрлээд буй.
Юу өөрчлөгдөх вэ?
Тус лабораторийг Улсын төв II эмнэлэгт байгуулах бөгөөд лабораторитой болсноор мэдээж эрхтэн шилжүүлэх мэс заслын бэлтгэл ажил болох донор болон хүлээн авагчийн эдийн нийцэл, мэс заслын дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох боломжтой болох юм. Үүний сацуу хавдрын оношилгоо тэр тусмаа генийн түвшний хавдрыг эрт илрүүлэх боломжтой болох нь ээ.
Ерөнхий төлөв: 2022 оноос эхлэн Монгол Улсад жилдээ 100 гаруй эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэх болсон. Гэтэл хүлээлгийн жагсаалтад 1,000 гаруй хүн байгаа буюу эрхтэн шилжүүлэх мэс засал улсын хэмжээнд ердөө 10%-тай л хийгддэг гэсэн үг.
Асуудал: Мэдээж төсөв санхүү, донорын нийцэл гэхчлэн олон асуудал ярьж болох ч амьгүй донорын олдоц маш бага буюу нийт эрхтэн шилжүүлэх мэс заслын 9.1%-ийг бүрдүүлж буйгаас харах боломжтой.
Эрхтэн шилжүүлэх мэс засал нэмэгдэнэ!
Юутай ч эд нийцлийн лаборатори нээгдсэнээр Улсын II төв эмнэлэг 2026 онд улсын хэмжээнд 10 элэг, 5 бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хийхээр төлөвлөснийг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Тус лаборатори ашиглалтад орж донор болон хүлээн авагчийн нийцлийг тогтоох явц ахиж байгаа ч цаашид амьгүй донороос эрхтэн шилжүүлэх журам, зохицуулалт, иргэдийн ойлголт, энэ талаарх боловсрол, дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар донорын олдцыг нэмэгдүүлэх нь заавал хийх ёстой ажлын нэг юм.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.
