TOGETHER WITH

Care News-н товхимолд тавтай морил! 👋 10-р сараас хойш эмийн сангууд хөнгөлөлтөөр эм олгохоо больчихсоныг анзаарсан уу? Учир нь ЭМДС-гийн орлого тасалдаж, хөнгөлөлттэй эмийн санхүүжилт эмийн сангуудад олдохгүй байгаа аж. Төсвөөр асар удаан угжсан даатгалын сангаа даахаа больж байна даа… 😵‍💫

СТАТИСТИК

💰🫰 $140 саяын эмийн импортын зах зээл

Монголын эмийн импортын зах зээл 2020–2024 онд 2 дахин өсөж, өнгөрсөн онд $140 саяд хүрээд байна

Нийлүүлэгчдийн хурдацтай өсөлт 

Товчхондоо манай улсын эмийн импортын зах зээл байнгын өсөлттэй байдаг буюу тодорхой улсын хувь хэмжээ буурахаас биш нийт дүнгээрээ буурч үзээгүй зах зээл. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын импортын эмийн зах зээлийг Словен, Герман Улс атгаж ирсэн ч 2022 оноос эхлэн бусад улсын нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэх болсон. 

  • Тус хугацаанд топ 10 импортлогч улсаас ганц бууралттай байсан нь Орос. Тодруулбал, тэд 2022 онд Монгол Улс руу $13.3 саяын дүн бүхий эм импортолдог байсан бол өнгөрсөн онд $9.3 сая болж буураад буй. 

Цаашилбал, 2020-2024 онд нийлүүлэлт нь хамгийн хурдацтай өссөн улс орнуудад, 

  • Өмнөд Солонгос 113.5%

  • Швейцар 111.8%

  • Хятад 95.7%

  • Нидерланд 75.5% өссөнөөр тэргүүлж байна.

Эмийн импорт улам нэмэгдэнэ

Санаж байгаа бол өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Засгийн газар Өмнөд Солонгосоос шууд худалдан авалт хийдэг болж, 5 үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. Өмнөд Солонгосоос гадна Швейцар, Япон тэргүүтэй орнуудын үйлдвэрлэгчидтэй ч шууд худалдан авалт хийх талаар яригдаж байсан гэхээр ирэх жилүүдэд эдгээр улсуудын зах зээлд эзлэх жин эрчимтэй нэмэгдэх төлөвтэй. 

Хамгийн том компани

Харин одоо зах зээлийн гол тоглогчдоор нь нарийвчлан харвал, Словени Улсаас KRKA компани өнгөрсөн онд $17.4 сая, Sandoz $6.4 саяын дүн бүхий эм нийлүүлсэн бол, Германаас Denk компани $12 сая, Өмнөд Солонгосоос Daewon Pharm компани $4 сая, Швейцараас Novarrtis Pharma компани $8.6 саяын дүн бүхий эмийг тус бүр нийлүүлжээ.

Ер нь тэгээд дотооддоо эм үйлдвэрлэх чадамж сул улсын хувьд импортын зах зээл давамгайлах нь энгийн л үзэгдэл. Гэм нь эрх баригчид эмийн чанар, үнийн бодлогоо зөв удирдаж чадахгүй бол хэцүүдэх магадлалтай. 

ОЛОН УЛСАД

💡 2025 оны анагаах ухааны онцлох нээлтүүд

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөгжил технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдэгдэхүйц шат ахиж байна. Тэр байтугай хиймэл оюун ухааны ачаар насжилт нэмэгдэж, 2050 он гэхэд дундаж насжилт 90 болох боломжтой гэгдэж буй. Энэ удаад 2025 онд эрүүл мэндийн салбарт гарсан онцлох нээлтүүдтэй танилцъя.

Нойр булчирхайн хавдрыг эрт илрүүлэх боломж

Нойр булчирхайн хавдар нь удаан хугацаанд дүлий явагддаг буюу эцсийн шатандаа орж, биед ямар нэгэн зовуурь илрэх хүртэл эрт илрүүлэхэд хэцүү хавдруудын нэг. Харамсалтай нь тус төрлийн хавдраар оношлогдсоноос 5 жилийн дараа өвчтөнүүдийн 13%-иас бага нь л амьд үлддэг аж.

  • Үүнтэй холбоотойгоор эрдэмтдийн лабораторийн хулгана болон хүний ​​эсийг ашиглан хийсэн судалгаагаар, нойр булчирхайн хорт хавдрын эрт үеийн эсийг идэвхжүүлдэг "FGFR2" уургийг дарангуйлах замаар тодорхой нөхцөлд хорт хавдар болохоос нь өмнө сэргийлэх боломжтойг тогтоожээ. Тус төрлийн уургыг дарангуйлах зориулалттай эм зах зээлд аль хэдийн худалдаалагдаж буй.

Одоогоор хүн дээр туршилт хийгдэх шаардлагатай байгаа ч тус нээлт нойр булчирхайн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэх итгэл найдварыг төрүүлсэн нээлт болсон юм.

Дааврын бус цэвэршилтийн эмчилгээ

Эмэгтэйчүүдийн 80% гаруй хувь нь цэвэршилтийн үед халуу дүүгэх, шөнө хөлрөх таагүй шинж тэмдгүүдийг даван туулдаг. Өнөөг хүртэл цэвэршилтэд дааврын эмчилгээ хамгийн үр дүнтэй байгаа ч тус төрлийн эмчилгээ хөх, умайн хорт хавдрын эрсдэлийн нэмэгдүүлдэг аж.

  • Улмаар энэ онд "Lynkuet" хэмээх эм FDA-с зөвшөөрлөө авч дунд болон хүнд хэлбэрийн халуу оргилтод 2 төрлийн эм хэрэглэх боломжтой болжээ. 2 жилийн өмнө "Veozah" FDA-с зөвшөөрлөө авч байв. Үүнээс "Lynkuet" нь халуу оргилтыг багасгаад зогсохгүй дааврын хэлбэлзлээс үүдэлтэй шинж тэмдгийг намжаадаг гэдгээрээ онцлог.

ХДХВ-ийн халдвараас 100% хамгаалах анхны вакцин

Өнгөрсөн 6 сарын 18-нд FDA ХДХВ-ийн халдвараас сэргийлэх шинэ төрлийн “Yeztugo” хэмээх тарилгад зөвшөөрөл олгосон. Уг тарилгыг ХДХВ-ийн өндөр эрсдэлтэй, халдвар аваагүй хүмүүс жилд ердөө 2 удаа тариулснаар халдвараас бүрэн сэргийлэх боломжтой юм.

  • “Yeztugo”-ийг үйлдвэрлэгч Gilead Sciences (GILD) компанийн клиник туршилтаар эмэгтэйчүүдэд 100%, эрэгтэйчүүд болон хүйсийн хувьд өөрөөр тодорхойлогддог хүмүүст 96%-ийн үр дүнтэй байсан аж.

Тус вакцины ачаар халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр шахмал эм уух шаардлагагүй болж, хэрэглээ талаасаа илүү хялбар, үр дүн нь илүү найдвартай болжээ.

Үүгээр тогтохгүй сүүлийн жилүүдэд "CRISPR-Cas9" гэгдэх генийн эмгэгийг засварлах боломжтой технологийн судалгаа, хөгжүүлэлт эрчимжиж байгаа. Тэртээ 2020 онд Анагаах ухааны Нобелийн шагналыг хүртэж байсан тус технологи ирээдүйд дан ганц генийн эмгэгийг эмчлээд зогсохгүй, хүүхдийнхээ арьс, нүд, үсний өнгө гэхчлэн төрөхөөс нь өмнө генийн мэдээллийг нь өөрчлөх боломжтой болох аж. Ер нь л ирээдүйд ямар нэгэн өвчлөлөөс үүдэлтэй нас баралт асар буурах төлөвтэй.

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Генээсээ… Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их сэтгэл гутралд өртдөг. (ScienceAlert)

  • Хмм: Эмч нарын танд хэлдэг 10 худал үг! (DOАC)

  • Айн? Зөвхөн 1 хэлээр ярих нь хөгшрөлтийг хурдасгадаг. (GisMeteo)

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Reply

or to participate

Keep Reading

No posts found