Дуулсан уу? Эрүүл мэндийн сайд анхан шатны тусламж, үйлчилгээ буюу 1 иргэний санхүүжилтийг ойролцоогоор ₮53 тэрбумаар нэмнэ гэнэ ээ. 1 хүнд ногдох нэмэгдэл нь ₮15,000 орчим юм уу даа. Гялайлаа^2.
7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ…
Бүтээн байгуулалт: Өвөрхангай аймгийн Хархорин сум 100 ортой шинэхэн нэгдсэн эмнэлэгтэй боллоо. (MOH)
Тов: 2 сарын 28 буюу энэ Бямба гарагт "Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага, сургамж, хэтийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. (Mezbneh)
Бизнес: Дундаж давхаргын америкчууд амьжиргааны өртгийн өсөлтийг цусны сийвэнгээ хандивлаж, өөрөөр бол зарж хөшүүрэгдэж байна. (NBCNews)
УЛС ТӨР
🤔 МАН-ын эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөө

Өчигдөр МАН-ын Эрүүл мэндийн бодлогын хороо “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Юутай ч эрх баригч нам ирэх онд эрүүл мэндийн тогтолцоонд цогцоор нь өөрчлөлт хийхийн өмнө иргэдээ сонсъё л гэж байна.
Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга Д.Ганмаагийн мэдээлснээр, анх удаа 650 хүний бүрэлдэхүүнтэй, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, цуглуулсан санал хүсэлтээ МАН-ын бага хуралд танилцуулах аж. Санал, бодлоо хуваалцах хүмүүс ЭНЭ QR кодоор саналаа өгөөрэй.
Гол сэдвүүд
Товчхондоо бодлого тодорхойлогчдын хэлэлцүүлгийн үеэрх яриа тийм ч шинэлэг бус өмнө нь хэлж, ярьж ирсэн зүйлсээ л ахин ярьсан. Нэмэгдсэн зүйл нь шинэ лоозон буюу УИХ-ын дарга Н.Учралын иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлж, салбарын чөдөр тушааг нь тайлах байсан юм даг уу даа.
Юутай ч хэлэлцүүлэгт дурдагдсан яриа болон мэдээлэл дээр багахан ч болов дүгнэлт хийе.
Салбарын тогтолцооны шинэчлэл: 2021 онд эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэнээр 2020 онд ₮16 саяын тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2023 онд 62.5% өсөж ₮26 саяд хүрчээ. Гэсэн ч санхүүжилт хангалтгүй төдийгүй ЭМДС-гийн санхүүжилт үр ашиггүй зарцуулагдаж буй асуудлыг цэгцлэхээр энэ хаврын чуулганаар 4 хуулийг оруулах аж.
Урьдчилан сэргийлэлт: Санхүүжилт нь тасарч, эрэн сурвалжлагдаж буй эрт илрүүлгийн хувьд, нийт хүн амын 45%-ийг хамруулж, хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц “Big Data”-тай болсон сурагтай.
Эмийн үнэ, чанар: Цаашлаад, УИХ-ын дарга эмийн чанарыг сайжруулах, үнийн өсөлтөөс үүдэн айл өрхөд ирж буй санхүүгийн дарамтыг бууруулахын тулд УИХ-д түр хороо байгуулах санал гаргасан гэдгээ мэдэгдэв.
Мэдээж нэмэлт хачир болгон ажилчдын ачаалал, цалин, иргэдийн шаардлага, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түгээмэл өвчлөлийн урьдчилан сэргийлэлт зэрэг асуудлуудыг ч хөндөөдөхсөн. Гол санаа нь бидний саналыг сонсож, бодлогодоо нэгтгэн тодорхойлно л гээд байгаа.
Эцэст нь… Тус хэлэлцүүлгийн талаарх эмч нарын байр суурийг харахад, “Их юм хүлээгээд нэмэргүй л юм байна, Ярьдаг юм аа л ярьж байна” гэх сэтгэгдлүүд түгээмэл ажиглагдав. Эмч нараа, иргэдээ сонсоно гэсэн хэлэлцүүлгээс ийм сэтгэгдэлтэй буцсан гэхээр бас хэцүү л юм. Юутай ч тус хэлэлцүүлгийн цаашид тогтмол зохиох тул сонсъё гэж байгаа дээр нь санал бодлоо хуваалцаж, оролцоход гэмгүй. Бодит оролцоогүйгээр шүүмжлээд л суувал урагшлахгүй шүү.
ОЛОН УЛС
🇨🇭🚷 Швейцарын хүн амын тааз: 10 сая

DW
Швейцарын Засгийн газар энэ зун буюу 6 сарын 14-нд хүн амын тоогоо 10 саяд хязгаарлах олон нийтийн санал асуулгыг явуулах гэж байна. Тодруулга болгон хэлэхэд уг санал асуулга нь өөрийн улсын иргэд бус цагаачид, гадаадын иргэд рүү чиглэсэн санал асуулга юм.
Швейцарчуудын байр суурь: Өнгөрсөн 12-р сарын санал асуулгаар 10 саяын хязгаарыг нийт иргэдийн 48% дэмжиж, 41% эсэргүүцсэн бол 11% нь тодорхойгүй байр суурьтай гэх үр дүн гарсан. Харж байгаачлан удахгүй болох санал асуулгыг үр дүн таамаглахын аргагүй байгаа бөгөөд маш ойрхон саналыг зөрүүтэйгээр тус улс хүн амын тааз тогтоох эсэхээ шийдэхээр байна.
Хязгаарлалт хүртэл 900 мянган хүн
Юун түрүүнд Швейцарын хүн ам өсөлт яст мэлхийн хурдаар буюу 2000 оноос хойш ердөө 20% өсөж өдгөө 9 саяд хүрээд буй. Гол асуудал нь хүн амын өсөлт удааширч байх зуур хүн амын суварга нь ч нарийссан суурьтай болж, залуусын нийт хүн амд эзлэх хувь буурсаар байгаа. Гэтэл нөгөө талд тус улсад оршин сууж буй нийт хүн амын 27%-ийг гадаадын иргэд эзлэх болжээ.
Хэдэн тоо харахад л: 2025 онд тус улсад ердөө 19,459 хүүхэд төрсөн бол цагаачлалаар 86,605 хүн нэмэгдэж, суурьшсан байна. Өөрөөр бол бүтэн жилийн хүн амын өсөлтийн 80%-ийг цагаачид бүрдүүлсэн гэсэн үг.
Үүнээс болж л 10 саяын тааз тогтоох яриа гарсан буюу хүн амын өсөлт байгаль орчин, байгалийн нөөц, дэд бүтэц, нийгмийн халамж, хамгааллыг тогтолцоонд шууд нөлөөлж байдаг. Гэтэл эдгээр нөөцийг өөрийн бус гадаад иргэд илүү их ачааллуулж, дарамт үүсгэж эхэлсэн гэнэ ээ.
Чиг хандлагын эсрэг
Европын орнуудаас эхлээд Япон, Солонгос гэхчлэн хүн ам нь эрчимтэй хөгширч буй хөгжингүй орнууд цагаачлалын бодлогоо зөөлрүүлж, чадвар ажиллах хүчинд тэтгэмж өгөх зэргээр хүн ам, тэр тусмаа ажиллах хүчээ зузаатгахыг эрмэлзэж байгаа. Гэтэл хүн ам нь жилд ердөө 1% өсдөг Швейцар үүний эсрэг замыг сонгож байгаа нь маш сонирхолтой жишиг болох нь лавтай.
Уг асуудлаас улбаалж ирээдүйд "Хэр олон хүн амтай байх вэ" бус "Хэн хэнийг тэжээх вэ" гэх эдийн засгийн тулгамдсан асуудал руу гулсан орох магадлалтай л байна даа.
Healthcare news for decision-makers
Knowing the healthcare headlines is easy.
Understanding what they mean for the business? That’s the hard part.
Healthcare Brew is a free newsletter breaking down the forces shaping the healthcare industry—from pharmaceutical developments and health startups to policy shifts, regulation, and tech changing how hospitals and providers operate.
No clinical deep dives. No overstuffed jargon. No guessing what actually matters. Just clear, focused coverage built for the people making decisions behind the scenes.
Join 135K+ administrators and healthcare professionals staying informed, for free.
ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

