TOGETHER WITH

Шинэ 7 хоногийн мэнд! Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын сүүлийн цалингаа 30% нэмэгдүүлж авахаар болсон. Гэсэн ч үндсэн цалингаас гадуурх нэмэгдлийг хэвээр үлдээж байгаа нь олон хүнийг бухимдуулаад амжив. Төсөв мөнгөндөө л тааруулсан шийдвэр гэхээр хэцүү ч юм даа. 😪 

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалт эхэллээ. (NCCD).

  • Америк кимчиг гэдэсний эрүүл мэндэд тустай хүнсний жагсаалтдаа оруулав. (Inquirer)

  • Эмч нарт зориулсан топ 10 подкаст. (MedWorld)

СТАТИСТИК

🤕 Улсын эмнэлгүүдийн алдагдал ₮15.7 тэрбум

Өнгөрсөн онд III шатлалын эмнэлгүүд хамгийн багадаа ₮1.8 тэрбум, ихдээ ₮4.4 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Улмаар улсын 6 том эмнэлгийн алдагдал ₮15.7 тэрбумд хүрэв. 

Алдагдлаас алдагдал руу

Улсын томоохон эмнэлгүүдийн орлого жил дараалан өсөж байгаа ч зардал нь түүнээс ч хурдтай өссөөр. Тухайлбал, Улсын I Төв Эмнэлгийн орлого сүүлийн 3 жилд 40% өсөж ₮103 тэрбумд хүрсэн ч зардал нь 36% өсөж ₮106 тэрбумд хүрээд буй. Улмаар 2024 оныг хасаад сүүлийн 3 жилд ₮4.7 тэрбум, ₮3 тэрбум гэхчлэн алдагдалтай ажиллав. Алдагдалгүй ажилласан 2024 онд ХӨСҮТ-өөс бусад томоохон эмнэлгүүд бүгд ашигтай ажилласан. Бодвол ЭМДС-гийн санхүүжилт төлөвлөснөөрөө олгогдсон байх. 

Санхүүгүй санхүүжүүлэгч 

Тус 6 эмнэлгийн төсвийн гүйцэтгэлийн тайланг харвал бүгд дутуу ашиглалттай байгаа. Гэвч үүнд  эмнэлгүүд төсвөө танаж, нарийлаад байгаа бус гол санхүүжүүлэгч болох ЭМДС нь төсөвлөсөн санхүүжилтээ олгож чадах, чадахгүй нь шууд нөлөөлж буй. Жишээ нь, ХСҮТ-ийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг харахад, тухайн жилийн зардлыг ₮90.8 тэрбум байхаар төсөвлөсөн ч ₮73.9 тэрбумын зардалтай ажиллажээ

  • Шалтгаан нь ЭМДС-гаас ₮87.7 тэрбумын санхүүжилт авахаар төлөвлөсөн ч яг орж ирсэн санхүүжилт нь ₮71.4 тэрбум байсан аж. Харин яг өөрийн үйл ажиллагаанаас ердөө ₮3.2 тэрбумын орлого олсон буюу нийт зардлынхаа 5% хүрэхгүй орлогыг төвлөрүүлсэн байгаа юм.

💔 Ашиггүй тогтолцоо

Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны гажиг улсын эмнэлгүүд дээр буухдаа, эмнэлэг илүү их үйлчилгээ үзүүлэх тусам, илүү их алдагдал хүлээх нөхцөлд аваачдаг. Эрүүл мэндийн бүх тусламж, үйлчилгээ нь ганц тулгууртай буюу ЭМДС дээр тогтож байгаа учраас сан хямрахад дагаад бүгд хямарч буй нь алхам тутамд мэдрэгддэг. Ядаж байхад өнөө сангийнх нь орлогын бараг 60% нь улсын төсвөөс орж ирдэг. Яг л царцаа, шоргоолжны үлгэр шиг. 

Эрүүл мэндийн салбар улсын төсөв + ЭМДС гэсэн 2 санхүүжилтийн урсгалтай мэт харагдах ч сан нь өөрөө төсвийн татаас, ивээсгүйгээр ажиллах боломжгүй болсон. Ер нь л төсвийн хамаарлаа бууруулах арга чарга бодохгүй бол сангийн орлого тасрахад л эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, авах боломжгүй болдог тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа шүү.

INSIDER NEWS

🩺 CareCheck: Камераа асаагаад, оношилгоогоо эхлүүл!

Толгой өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх гэхчлэн гэнэт бие тавгүйтэх үе гардаг л биз дээ. Дийлэнх тохиолдолд сүртэй өвдөхгүй, зовуурьгүй бол тоохгүй орхичихдог гэмтэй. Үүний оронд гар утасны камераа асаагаад л шалтгааныг нь мэдчихвэл, маш олон эрсдэлээс сэргийлэх боломжтой. 

Халаасны оношлуур

Өнгөрсөн 10-р сард болсон Эрүүл мэндийн экспогийн үеэр CarePay болон CareAI өөрсдийн хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан оношлуур болох CareCheck-г танилцуулсан. CareCheck-н ард Израйлын Binah.ai компанийн AI-д суурилсан rPPG (remote Photoplethysmography) технологи ажиллаж байгаа бөгөөд оношилгооны нарийвчлал нь 95%-98%. 

Ямар ид шидтэй эд вэ? 

CareCheck-р та зүрхний цохилт, амьсгалын тоо, цусны хүчилтөрөгчийн ханалт (SpO₂), HRV ба стрессийн түвшин гэхчлэн эрүүл мэндийн 16 үзүүлэлтээ хэмжих боломжтой. Хамгийн гол нь оношилсон бүх үзүүлэлтүүд тайлбартайгаа хамт гараад ирнэ. Туршаад үзээрэй. 😉

Бяцхан нууц задлахад, тун удахгүй Улаанбаатар хотын 100 гаруй байршилд CareCheck Booth-г байршуулах гэж байгаа шүү. Хамтран ажиллахаар сонирхож байвал [email protected] болон 80702407 дугаар руу холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ОЛОН УЛСАД

🤖 Стэнфордын эрдэмтдийн бүтээсэн AI

Стэнфордын анагаах ухааны судлаачид зөвхөн 1 шөнийн нойрны мэдээлэлд тулгуурлан ирээдүйд тусаж болох 100 гаруй өвчний эрсдэлийг таамаглах боломжтой AI бүтээжээ

  • SleepFM гэгдэх тус AI-г 65,000 хүний 600,000 цагийн нойрны өгөгдөлд тулгуурлан сургасан бөгөөд оролцогчдын унтаж байх үеийн тархи болон зүрхний үйл ажиллагаа, амьсгалын хэмнэл, нүдний хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж, эрсдэлт өвчлөлийг тодорхойлох аж. 

Биднийг унтаж байх зуур

Хүний бие унтаж амарч байх үедээ өөрийгөө нөхөн төлжүүлж, эмчилж байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл нойрсож байх үед хүний биед яг ямар ид шид тохиож буйг өгөгдөлд тулгуурлан хийсэн судалгаа маш бага байв. Харин AI-н тусламжтайгаар зүүд, нойрны ертөнцийг илүү гүн судлах боломжтой буюу өгөгдөлд тулгуурлан судлах боломжтой болсон байна. 

  • SleepFM мэндлэх болсон гол судалгаа нь ч томоохон хэмжээний нойрны өгөгдлийг AI-р шинжилсэн анхны судалгаа юм.

SleepFM хэрхэн ажилладаг вэ?

Эхэн үедээ SleepFM-г нойрны үе шатуудыг тодорхойлох болон унтаж байх үед амьсгал тасалдах тэргүүтэй түгээмэл асуудлыг оношлоход ашиглаж, тэр нь чамгүй үр дүнтэй байжээ. Улмаар дараагийн шатанд Стэнфордын нойрны төвд бүртгэлтэй 35,000 өвчтөний сүүлийн 25 жилийн эрүүл мэндийн түүхэнд дүн шинжилгээ хийсэн байна. 

  • Үр дүнд нь Паркинсоны өвчин, зөнөгрөл, зүрхний шигдээс, түрүү булчирхайн болон хөхний хорт хавдар гэхчлэн 130 гаруй өвчлөлийг маш өндөр нарийвчлалтай таамаглаж чаджээ.

Юутай ч судалгааны багийнхан SleepFM-г гар утас, ухаалаг цаг, бөгж гэхчлэн ухаалаг төхөөрөмжүүдийн дататай хоршин ажиллах байдлаар хөгжүүлж, таамаглалыг нь илүү сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ. Ойрын ирээдүйд ердөө Apple Watch-аар эрсдэлт өвчлөлөөс сэргийлэх, хянах боломжтой болох нь дээ.  

ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

or to participate

Таньд санал болгох

No posts found