TOGETHER WITH

Валентины онцгой дугаартаа тавтай морил! Энэ жил Цагаан сарын бэлтгэл ажилд дарагдаад Валентин манатай явж байх вий гээд тусгай дугаар бэлтгэлээ. Уншигчид маань валентинаа яаж тэмдэглэх гэж байна даа?
EVENT
💌💘 Хайрын гудамж
Хараахан төлөвлөж амжаагүй, ер нь төлөвлөгөөтэй байсан ч Мишээл Экпогийн “Food Street”-д “Хайрын гудамж” засагдсан байгаа шүү. Баярын төлөвлөгөөндөө нэмэх л газар. 🤔
😏 1 сумаар нэлээн хэдэн туулай
Тус арга хэмжээ энэ 7 хоногийн турш зохиогдох бөгөөд хосын сэтгэлзүйчийн зөвлөгөөнөөс эхлээд, хамтдаа цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх өртөөчилсөн тоглоом, хамтлаг дуучдын тоглолтыг үзэх боломжтой. Мэдээж баярын бэлгээ ч 1 дор сонгож болно. Ялангуяа эрчүүдийн маань шандсыг сорьсон оройн болзоо, баярын бэлэг, үзвэр үйлчилгээ 1 дор төвлөрсөн учир ийш тийшээ салгалж гүйх шаардлагагүй эхнэрээ, найз охиноо аваад гарахад л хангалттай. Мэдээж амралтын өдөр тул хангалттай чанартай цаг гаргах бэлтгэлтэй байх хэрэгтэй. 😉
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр аваарай.
ОЛОН УЛС
💭 2-р сарынг хайрын сар гэхийн учир

Johns Hopkins Institute
Америкт жил бүрийн 2-р сарыг зүрхний сар болгон тэмдэглэдэг. Дан ганц хайрын сар гэхээсээ илүүтэй зүрх, судасны эрүүл мэндийг сурталчлах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээж, нас баралтыг бууруулах үндэсний аян юм.
Цаашлаад, хэн нэгний эрдэнэт амийг аврах мэдлэг, ур чадвартай хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг ч тогтмол хэрэгжүүлдэг аж.
💔 Эмтэрхий зүрхнүүд
Зүрх, судасны өвчлөл Америкт төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар ирсэн. Хэт хотжилт, эдийн засгийн хямрал, амьжиргааны өртгөөс шалтгаалаад цаашид ч байх төлөвтэй байгаа. Нийт тохиолдлын 80% гаруйг урьдчилан сэргийлэх боломжтой ч жил бүр зөвхөн зүрх, судасны өвчнөөр 18 сая гаруй хүн нас барж буй нь маш харамсалтай статистик. Тиймээс л зүрхээ сонсооч ээ, зүрхээ хайрлаж, гамнаач ээ гээд үндэсний хэмжээний аян зохиодог гэсэн үг.
🙄 Монголын нөхцөл байдал
Бид жилд дунджаар 5,500–6,000 хүнээ тус өвнөөс болж алдсаар байна. Бүр ч харамсалтай мэдээ нь 30–70 насны хүн амын дунд урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 10,000 хүн амд 35 тохиолдол байгаа явдал. Нийт нас баралтын 42%-ийг зүрхний шигдээс дангаараа эзэлдэг байна. Анхаар!
Эцэст нь та хайртай, дотнын хүмүүсээ хэрхэн хайрладаг вэ? Хайр бол цэцэг, шоколад бус хайр бол анхаарал. Хайр бол урьдчилан сэргийлэлт. Хайр бол “Би чамд хайртай” гэхээс илүүтэй жилдээ заавал 1 удаа урьдчилсан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж занших шүү. Ядаж л арай амьдралтай. 😁
СОНИРХОЛТОЙ ФАКТ
🙄 Хмм, эрэгтэйчүүдтэй унтсанаас нохойтой…

Giphy
Хэдий Гэгээн хайрын баярын дугаар ч хосуудын төдийлөн мэддэггүй нэгэн сонирхолтой фактыг хуваалцъя.
Эрэгтэй хүмүүс эхнэр, найз охинтойгоо хамт унтах үед илүү сайн бат бөх нойрсож, нойрны чанар эрс нэмэгддэг аж. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хувьд нөхөр, найз залуус нь илүүтэй нохойгоо өвөртлөөд унтах үедээ илүү сайн амардаг ажээ. 😂
🪢 Учир жанцан
Үүний ард тийм ч сүртэй тайлбар, шинжлэх ухааны гүн гүнзгий судлагдахуун байхгүй. Journal of Social and Personal Relationships сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, эрэгтэйчүүдийн хувьд хамтрагчтайгаа хамт унтах нь аюулгүй мэдрэмжийг нэмэгдүүлж, шөнийн стрессийг бууруулдаг. Сэтгэлийн нарийн нандин холбоос, биеийн дулаан, тэр эмэгтэйн дэргэд байх мэдрэмж нь сэрэл, түгшүүрийн түвшинг бууруулж, илүү гүн, тогтвортой нойрсох нөхцөлийг бүрдүүлдэг аж.
💤 Шөнийн адал явдал
Аан харин эмэгтэйчүүдийн хувьд хамтрагчтайгаа хамт унтана гэдэг бүхэлдээ л адал явдал гэсэн үг. Учир нь нохой ихэвчлэн тогтсон хуваарьтай, хөдөлгөөн багатай унтдаг тул хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр сэрвэлзэх, нойр тасалдах магадлал нь бага байдаг гэнэ. Дор хаяж л эрэгтэйчүүдийн нүргэлсэн хурхиралт, гэнэтийн таталт, сарваганалтад унтах гэж хөөрхөн хүчин чармайлт гаргаж үзсэн эмэгтэйчүүд олон гэдэг дээр 1 бөөрөө тавилаа. 😏
ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
🩺 Doctor’s Note: Зүрхний эмчийн 3 зөвлөгөө

Take care of your heart
💗 Даралтаа тогтмол хянаж байгаарай
Цусны даралт ихсэх нь яг л чимээгүй алуурчин шиг шинж тэмдэггүй явсаар зүрх, судас, тархинд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Насанд хүрсэн хүн жилд дор хаяж 1–2 удаа даралтаа шалгаж байх хэрэгтэй бөгөөд эрсдэлтэй гэж үзвэл тогтмол хянаж байвал зүгээр.
💗 Өдөр бүр зүрхэндээ 30 минут зарцуулаарай
Дунд зэргийн ачаалалтай алхалт, дугуй унах, усанд сэлэх зэрэг хөдөлгөөн зүрхний булчинг ажиллуулж, даралт, сахрын түвшин, холестериныг тогтворжуулна. Хөдөлгөөн хийх нь зүрхээ хайрлаж буй хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэдгийг хэлүүлэх шаардлагагүй мэднэ тийм ээ?
💗 Стрессээ анзаарч, удирдаж сурахуй
Архаг стресс зүрхний өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин гэгддэгийг мэдэх үү? Мэдээж ажлын, амьдралын хэмнэл, нэн ялангуяа Улаанбаатарын уугуул, суугуул оршин суугчид алхам тутамдаа стрессдэх гээд байх хандлагатай байдаг. Тиймээс сайн унтаж амарч, ойр дотнын хүмүүстэйгээ чанартай цаг өнгөрүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг авч, мэдээж өгөх нь стрессээ зохицуулж, удирдах хамгийн энгийн арга аж.
Care News-ийн тусгай дугаар үүгээр дуусаж байна. Ирэх 7 хоногт товхимол явахгүй тул Цагаан сарын дараа уулзацгаая. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.
