TOGETHER WITH

2026 он болоход 9 хоног үлдлээ! 2026 оноос өмнө буюу ирэх Ням гарагт Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн шүү. 2025 оны эрүүл мэндийн салбарын хамгийн онцлох үйл явдал юм даа. 👏🏻

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Хэрэг болно: “Holiday Blues” буюу баярын үеийн сэтгэл гутрал гэж юу вэ? (VeryWellMind

  • Шинэхэн судалгаа: Шумуул хазах хүнээ үнэрээр нь сонгодог. (Earth)

  • Практик: Хорт хавдар илрүүлэгч нохой. (AmericanKennelClub)

УЛС ТӨР

💼 1.6 жилийн настай Эрүүл мэндийн сайд нар

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар 16 Дэд сайдаар бүл нэмж, Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин томилогдоод буй. Дэд сайдаас өмнө өнгөрсөн хугацаанд уг салбарыг удирдаж байсан сайд нарыг эргэн нэг дурсацгаая. 

  • 2000 оноос хойш Эрүүл мэндийн яам 14 сайдын нүүр үзжээ. Эрүүл мэндийн сайдын албан тушаалын насжилт ердөө 1.6 жил. 

4 жил ажилласан 2 сайд

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ердөө 2 сайд буюу С.Сонин, С.Ламбаа нар л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дүүргэж байжээ. Сайд нар албан тушаалдаа тогтож өгдөггүй гол шалтгаан нь Засгийн газрын дундаж насжилт 1.8 жил байдагтай холбоотой. Товчхондоо арай гэж учраа олоод ажиллах гэж байтал Засгийн газраа дагаад огцорчихдог. 

Онцлох баримт 

Өнгөрсөн хугацаанд ажилласан 14 сайдын 10 нь хүний их эмч, эм зүйч гэхчлэн салбарын холбогдолтой мэргэжилтэй хүмүүс байсан бол 4 нь сэтгүүлч, эдийн засагч, инженер нар байв. Цаашлаад, 2000 оноос хойш ажилласан сайд нараас Т.Мөнхсайхан сайдын албанд 2 удаа сонгогдон ажилласан цор ганц хүн юм. 

Ай тэгээд Засгийн газар нь тогтворгүй байхад салбарын сайд нарын тогтвортой, тогтворгүй байдлыг ярих утгагүй асуудал юм даа. Таны хувьд өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан аль сайд хамгийн сайн ажилласан сайд вэ? 

СТАТИСТИК

😷😵  Хорт хавдар: Онош нь оройтож, зардал нь өссөөр

Монгол Улсад жил бүр 6,000 гаруй хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг. Харамсалтай нь тэдний ойролцоогоор 70% нь III, IV буюу хожуу шатандаа илэрч байна.

Хавдрын өнөөгийн нөхцөл байдал

Өнгөрсөн онд нийт 6,142 хорт хавдрыг тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны хорт хавдар хамгийн өндөр буюу нийт хавдрын 17.9%-ийг эзэлжээ. Хүйсээр нь задлан харахад, эрэгтэйчүүдийн дунд ходоод, элэг, улаан хоолойн хавдар давамгайлж байгаа бол эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү болон хөхний хорт хавдар хамгийн түгээмэл байгаа юм.

  • Жилд 6,000 гаруй хорт хавдрын тохиолдол оношлогдож байгааг хүн амд харьцуулбал, 100,000 хүн тутамд 171 хавдрын тохиолдол оношлогддог гэсэн үг. Дэлхийн дундаж нь 196.9 байдаг. 

  • Монгол Улсын хорт хавдрын шинэ тохиолдол дэлхийн дунджаас бага мэт харагдах боловч үүний цаана оношлогдоогүй хорт хавдрын тохиолдол байгааг мартаж болохгүй. Ядаж байхад жил болгон оношлогдож байгаа хавдрын 70% гаруй нь хожуу шатандаа оношлогдож байгаа. 

Арга, чарга байна уу? 

Дийлэнх тохиолдолд иргэд хорт хавдраа хүндэрсэн, хожуу шатанд оношлуулж байгаа шалтгаан нь урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд хангалтгүй хамрагдаж байгаа нь хамгийн их нөлөөлж байгаа. Хэдий 2022 оноос эхлэн ЭМД төлдөг иргэн бүхэн 2 жилд нэг удаа эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой болсон ч өнгөрсөн 11-р сарын байдлаар нийт хүн амын ердөө 45.8% нь л эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан байгаа юм. Энэ дундаа эрэгтэйчүүдийн хамрагдалт 43.6%, эмэгтэйчүүдийнх 56.4% буюу эрэгтэйчүүдийн эрт илрүүлгийн хамрагдалт доогуур хэвээр байгаа юм. 

Зардал: Эрт VS Хожуу үеийн эмчилгээ

Хувийн болон улсын эмнэлэгт эрт илрүүлгийн шинжилгээний өртөг ₮65,000-₮980,000-ийн хооронд хэлбэлзэж буй. Харин нөгөө талд аливаа өвчлөлийг хожуу шатанд илрүүлснээр MRI, CTI гэхчлэн нарийвчилсан оношилгоонд ₮0.2-₮1.2 сая, мэс засал, химийн болон туяа эмчилгээнд ₮1-₮15 сая орчим зардал гарахаар байгаа юм. 

Энэ нийтлэлийг уншин суугаа та хэзээ хамгийн сүүлд урьдчилсан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан бэ? Уг нь эрт илрүүлгийг ЭМД-ын шимтгэл төлж л байгаа бол даатгалаасаа төлөх боломжтой. Даанч өнгөрсөн 9-р сараас хойш ирт илрүүлгийн санхүүжилтийг зогсоочихсон. Сан хоосорсон тул иргэд өвдөхгүй байхын тулд халаасаа хоослох хэрэгтэй болж байгаа нь харамсалтай. 

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

or to participate

Таньд санал болгох

No posts found