TOGETHER WITH

Эргэн тавтай морил! ХӨСҮТ дээр өнгөрсөн оны 10-р сард элэгний Д вирусийн тариа шинээр ирсэн ч журмын өөрчлөлтөөс үүдэн тариа хийхгүй байгаа аж. Хавдар болгочихгүйхэн шиг тариагаа тариулах гэсэн иргэд ХӨСҮТ-ийг манах нь холгүй байгаа ч бараг жил шинээр өвчтөн хамруулаагүй аж. 😥

ӨНГӨРСӨН 7 ХОНОГООС ОНЦЛОХ НЬ…

  • Шинэ: Генийн оношилгоо, эмчилгээний чиглэлд AstraZeneca, ХӨСҮТ, Монос Трейд ХХК 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлнэ. (MOH)

  • Анхаар: Улаанбурхан өвчний улмаас нас барсан хүний тоо 13-д хүрлээ. (XinhuaNews)

  • Хмм: Монголын уламжлалт анагаах ухааны судрын жороор хийсэн эм, танг Польш Улсад экспортлох ажлыг эхлүүлнэ. (MMRA)

СТАТИСТИК

💰 Хүнээ орхисон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Эрүүл мэндийн жил гэгдэх 2027 он болоход 10 сар үлдлээ. Нэгхэн жилд салбарын бүхий л асуудлыг шийднэ гэж байхгүй. Тэгвэл ирэх жил энэ салбарт үр дүнтэй шинэчлэл хийхийн тулд одооноос юу хийж эхлэх хэрэгтэй байгаа вэ?  

  • Эрүүл мэндийн яамны төсөв, мөнгө: Энэ оны төсөвт Эрүүл мэндийн сайдын багц ₮1.9 их наяд байхаар батлагдаж, даатгалын сангаас ₮2.6 их наядыг эмнэлгүүдэд олгохоор төлөвлөсөн. Мөн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмж ₮1.3 их наядад хүргээд буй. 

Юунд хөрөнгө оруулдаг вэ?

Салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч 2020–2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын дөнгөж 6.9% буюу ₮853 тэрбум нь эрүүл мэндийн салбарт ноогджээ. Үүний 67.7% нь барилга, байгууламж, 27% нь тоног төхөөрөмжид зарцуулагдсан буюу Эрүүл мэндийн яам яг ЗГ шиг хөрөнгө оруулалтаа зам, барилга руу юүлдэг. Эмнэлгийн орны хомсдол, оочир дараалал бодит асуудал боловч эмч, эмнэлгийн ажилтанд чиглэсэн хөрөнгө оруулалтыг орхигдуулсаар байвал бодит өгөөж гарах нь юу л бол.

  • Сонирхолтой нь: Эрүүл мэндийн сайдын багцын тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээнээс “Туулах чадвар сайтай, алсын түргэн тусламжийн автомашин” нэрээр ₮2.2 тэрбумаар “Toyota Land Cruiser 300GXR”, “Land Cruiser 250” тэргүүтэй 9 жийп худалдан авчээ

  • Хүлээн авагч: Тус машинуудыг ЭМДЕГ, I, II төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус олгосон. Гол нь уг худалдан авалт Төрийн хэмнэлтийн тухай хуультай нийцэхгүй байгаа нь л асуудал. Яг үнэндээ салбарын нөхцөл байдал, ажилчдынх нь цалинтай харьцуулахад энэ бол тансаг хэрэглээ. 

Бусад хөгжингүй, хөгжиж буй орнуудад эмчийн цалин дээрээсээ 3-т багтах хэмжээнд явдаг ч Монголд төсвийн цалинтай бусад мэргэжилтнүүд дундаа ч маш доогуур үнэлэмжтэй байгаа. Эмнэлэг, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах нь чухал ч түүнийг ашиглаж, бодит үр өгөөж бий болгох эмч, ажилтанд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хэзээнээс бодитойгоор тооцож эхлэх вэ? Хөрөнгө оруулалт бол цалингаас тусдаа асуудал шүү.

ОЛОН УЛС

🐣 AI + технологи = Супер гентэй, супер хүүхэд

Жеффри Эпштейнтэй холбоотой цацагдсан 3.5 сая гаруй мэдээлэл сүүлийн 7 хоногт нэлээдгүй эрчийг авлаа. Тэдгээр мэдээллүүд дотор Эпштейн гаж хүчирхийлэгч байгаад зогсохгүй эрдэмтдийг цуглуулж, санхүүжүүлэн өөрийн супер генийн санг бүтээх төлөвлөгөө байсан гээд боддоо. 

AI + технологи = Супер гентэй, супер хүүхэд

Уг асуудал тэртээ 2019 онд буюу түүнийг баривчлагдах үед ил болж байсан. Тэрбээр 2000 оны эхээр эрдэмтэд, бизнесменүүдтэй өөрийн Нью Мексико муж дахь ойролцоогоор 7,500 акр талбайтай "Zorro Ranch" гэх фермээ өөрийн спермээр эмэгтэйчүүдийг жирэмслүүлэх төлөвлөгөөгөө хуваалцаж байжээ. Хамгийн галзуу нь “Transhumanism” буюу генийн инженерчлэл, AI зэрэг дэвшилтэт технологи ашиглан 20 эмэгтэйг жирэмслүүлж, өөрийн супер гентэй хүүхдүүдийг үйлдвэрлэхийг зорьж байсан явдал. 

  • Супер хүний үүлдэр: “Transhumanism” нь шинжлэх ухааны гэхээсээ илүү хүн амын тоог чанартай өсгөх философийн ойлголт. Гэсэн ч түүнд хүрэх арга зам нь яг л нохойны шинэ үүлдэр гарган авахтай агаар нэг. 

  • Тухайлбал, түүний хувьд цэнхэр нүдийг оюун ухааны бэлгэдэл, харин хар арьстнууд хэдэн зуун жилийн боолчлолоос үүдэн бие бялдрын хөгжил өндөртэй байдаг гэхчлэн тухайлсан арьсны онцлогт байдаг давуу, онцгой чадварыг сорчилж, супер хүн үйлдвэрлэхээр зорьж байсан. 

Дан ганц Эпштейний асуудал биш

Илон Маск тэргүүтэй дэлхийн нэр нөлөө бүхий баячууд хүн амын өсөлтийг идэвхтэй дэмжиж ирсэн. Өнгөн талдаа тэд төрөлт хэр өндөр байна, төдий чинээнд суут ухаантнууд төрөх магадлал нэмэгдэнэ гэж ярьдаг. Гэсэн ч яг Эпштейн шиг өөрийн ДНХ-ийг супер гэж үзээд, түүнийгээ AI, технологийн тусламжтай улам сайжруулах хүсэлтэй хэр олон тэрбумтнууд байгаа вэ гэдэг сонин. 

  • Хэзээ хэзээнийхээс илүү AI-ийн хөгжил генийн инженерчлэлийг шинэ түвшинд хүргэж, нэг үеэ бодоход үр суулгах технологи асар хурдтай хөгжиж байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнө энэ бүхэн шинжлэх ухаан, технологийн хувьд боломжгүй байсан. Харин одоо дор хаяж $6,000–$30,000-той байхад л үр шилжүүлэн суулгах технологиор хүүхдийнхээ үс, нүдний өнгийг сонгох боломжтой болчихсон

Үүнд CRISPR-Cas9 гэх технологийн хөгжил томоохон үүрэг гүйцэтгэж байгаа буюу өндгөн эс, сперм эсвэл эхний үр хөврөлийг өөрчлөх боломж улам л боловсронгуй болсоор. 

Өдгөө генийн инженерчлэлийг хүн төрөлхтний эмчилж дийлэхгүй өвчнүүдийг анагаахаар хөгжүүлж байгаа гэх ч хэрэв үнэхээр зорьж буй түвшинд хүрвэл Эпштейний биелүүлж чадаагүй мөрөөдөл биелэх боломжтой болно л гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд хүн төрөлхтний ёс суртахуун, хуулийн хил хязгаар технологийн дэвшлийг сөрж чадах уу гэдэг л гол асуудал болох биз ээ.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

Avatar

or to participate

Таньд санал болгох